Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 7 дугаар сарын 20-ны өдөр Чингис зочид буудалд боллоо.
Тус олон улсын хуралд ОХУ, Франц, АНУ, Өмнөд Солонгос, Турк, Тайван, Швейцар, Хятад, Чили, Герман, Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Мөн тус ойн хүрээнд 1967 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг 7 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулав.
Уг хээрийн хурлын бэлтгэл ажлын хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмохайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын 3 сегментийн талбайд явуулсан байна. Уг хагарлын судалгааны талбайд хагаралд хөндлөн зүсэлтээр ухсан сувгийн (тренч) ханан дээр геологийн зураглал хийх ба дээрх геофизикийн хээрийн хэмжилтийн анхан шатны үр дүнтэй харьцуулан хэлэлцүүллээ.