Нобелийн шагналт, физикч Константин Сергеевич Новоселовт ШУА-ийн дээд шагнал "ХУБИЛАЙ ХААН" медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа маргааш буюу 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагаас ШУА-ийн Их чуулганы танхимд болно.
Профессор К.С. Новосёлов хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр 380 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Нобелийн хорооны хэвлэлийн бага хурал дээр эдгээр эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг “ ... Нүүрстөрөгчийн атомын дан үеэс тогтох графен нь жинхэнэ хоёр – хэмжээст материал, физикийн шинэ үзэгдлийг харуулсан, маш нимгэн, бат бөх, хөнгөн, тунгалаг бөгөөд дамжуулагч шинж чанартай тул нимгэн дэлгэц, нарны зай, уян чанар бүхий электроник, композит материал, дан молекулын хийн мэдрэгчид, ДНХ -ийн дараалалыг тогтоох зэрэг маш өргөн хэрэглээтэй юм” гэж цохон тэмдэглэжээ. Ийнхүү XXI зууны технологийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, аж үйлдвэрийн V хувьсгалын үндсэн “түүхий эд” болох цоо шинэ материалыг нээсэн гавъяаг үнэлж, профессор К.С. Новосёловыг Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох “ХУБИЛАЙ ХААН” одонгоор шагнаж байна.