Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НОМЫН ИХ ХҮРЭЭГ НЭЭСЭН НЬ: САРЬДАГИЙН ХИЙДИЙН СУДАЛГАА” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
“НОМЫН ИХ ХҮРЭЭГ НЭЭСЭН НЬ: САРЬДАГИЙН ХИЙДИЙН СУДАЛГАА” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” 19/24 дугаар тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор “Номын их хүрээг нээсэн нь: Сарьдагийн хийдийн судалгаа” сэдэвт үзэсгэлэн 4 дүгээр сарын 27-ны өдөр Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ гишүүн Я.Содбаатар, Ц.Оюунгэрэл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон албаны бусад хүмүүс, лам хувраг, судлаач, иргэд оролцов. Тус үзэсгэлэн Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууриас малтлагаар илэрсэн 1000 гаруй олдвороос дээжлэн 150 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн байна.

Олноо “Сарьдагийн хийд” хэмээн алдаршсан Номын Их хүрээний туурийг XX зууны эхэнд олсон хэдий ч дорвитой судлагдалгүй өнөөг хүрчээ. Харин уг хийдийн туурийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулууны санаачилгаар 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж буй “XVII зууны Монголын хотууд” төслийн хүрээнд археологийн малтлага судалгааг хийгдэж эхлээд байна. Төслийн хүрээнд 2013, 2014 онуудад ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ССАЖЯ, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Хан Хэнтийн дархан газартай хамтарсан хээрийн шинжилгээий анги хэд хэдэн газарт малтлага судалгаа хийж хийдийн зохион байгуулалтын талаар багагүй хэрэглэгдэхүүн цуглуулсан төдийгүй судалгааны дүнд тус Номын их хүрээний зургийг сэргээн зураглаж, Түвэд маягийн хавтгай дээвэртэй, дээврийг ногоон, алтан шар, улбар шар өнгийн ваараар хучиж, гоёмсог хээ угалзтай нүүр ваар, паалантай шавар дүрсүүдээр чимэглэсэн болохыг тодруулсан нь XVII зууны монголын хот суурин, хүрээ хийдийн судалгаанд томоохон ач холбогдолтой ажил болсон байна.

Малтлага судалгааны дүнд уран нарийн хийц бүхий барилгын шавар чимэглэл, язгуурын таван бурхан болон асар том хэмжээтэй бурхдын шавар баримал, тал хэвэнд цутгасан бурхдын шавар дүр зэргийг илрүүлсэн нь монголын төдийгүй Дэлхийн хэмжээнд Занабазар судлалд нэн их ач холбогдол бүхий хэрэглэгдэхүүн цуглуулсан юм. Мөн Өндөр гэгээний тус хийдээс эртний Монголчуудын ялтсан хуяг, дуулга, илд, цахиур буу, цагаан шаазан цом зэрэг тахил шүншигийн холбогдолтой эд өлгийн зүйлс алт, мөнгө, эрдэнийн чулуу зэрэг XVII зууны үеийн эдийн соёлыг нэхэн сэргээхэд чухал ач холбогдолтой биет олдворыг илрүүлэн олж судлан шинжилж байгаа аж.


 



Бусад мэдээлэл