Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх оновчтой гарцыг олох явдал байв.
Уг хэлэлцүүлэгт төр засаг, мэргэжлийн байгууллагын төлөөлөл болох Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БОНХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчлал хэмжил зүйн газар, иргэд, эрдэмтэн судлаачид болон ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хурлаар ШУА-ийн Геологи-газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин”, НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал “Гэр хорооллын нүхэн жорлон, хөрсний бохирдол”, “ШУА-ийн Хими-химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “Хөрсний бохирдлыг бууруулах зарим шийдэл” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Судалгаагаар 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт их байна. Тухайлбал: Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их 21.07мг/кг гарсан ба бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байна.
Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой юм. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогцолбор арга хэмжээ шаардлагатай байна.
Уг хэлэлцүүлгээс:
-Хөрсний бохирдол их байгаа Нарантуул, Хүчит шонхор, Зуун айл, Да хүрээ зэрэг томоохон зах орчмын тохижилтын ажилд онцгой анхаарах,
-Улаанбаатар хотын хөрсөнд нянгийн бохирдол их, халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байна. Нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан нь гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие засах болон ахуйн хог хаягдлал байгаа тул эдгээр асуудлуудыг шийдвэрлэх
-Торгууль, шийтгэлийн арга хэмжээг эрчимжүүлэх
-Тодорхой нэг хороо, хэсэгт хөрсний эвдрэл бохирдлыг бууруулах, хөрсийг нөхөн сэргээх чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх талаар төр захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэддээ хандсан зөвлөмж гаргажээ.