ШУА-ийн 2024 оны онцлох үйл явдал, үр дүнгээс
ШУА-ийн Их чуулган 3 удаа хуралдаж, ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцэх, ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулах, ШУА-ийн Тэргүүлэгчид, дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Шинжлэх Ухааны Академийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Их чуулганаар академич Содномсамбуугийн Дэмбэрэл Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 90 дугаар захирамжаар батламжлагдлаа. Мөн тус их чуулганаар ШУА-ийн өмнөх ерөнхийлөгч, академич Дүгэрийн Рэгдэлийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон ШУА-ийн 2021-2024 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны товч тайланг хэлэлцэн, дүгнэв.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг гарган, танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурлыг 2024 оны 5 дугаар сарын 14-өөс 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ (хуучнаар), ШУТС (хуучнаар)-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриан дор зохион байгуулав.
Шинжлэх ухаан, технологийн салбарын суурь хууль болох Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулах ажилд ШУА-ийн удирдлага, эрдэмтэд манлайлан оролцсоноор салбарын эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлд бодит алхам хийгдлээ.
Шинжлэх Ухааны Академийн Их сургууль (UMAS)-ийн төслийг 2022 оноос үе шаттайгаар хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 214 дугаар тогтоолоор ШУА болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн материаллаг бааз, хүний нөөцийг түшиглэсэн Шинжлэх Ухааны Академийн Их сургууль байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Шинжлэх Ухааны Академийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг сайжруулах зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грант олгох журам”, ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар “Олон улсын нэр хүндтэй мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл нийтлүүлсэн судлаачдад мөнгөн урамшуулал олгох журам”, “ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Хөдөлмөрийн дотоод журам”, “Гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих журам”, “Дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт”, “ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал” зэргийг батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн хүний нөөцийн чадамжийг сайжруулах, докторын зэрэг хамгаалуулах ажлыг бодлогоор дэмжиж ажилласны дүнд энэ онд 2 эрдэмтэн шинжлэх ухааны доктор (ScD), 18 судлаач (гадаадад 7) доктор (PhD)-ын зэргийг амжилттай хамгаалав.
Манай эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл, судалгааны ажлын үр дүнг гадаад, дотоодод өндрөөр үнэлж, академич Р.Барсболд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, академич С.Дэмбэрэл, Д.Сангаа, С.Чулуун, доктор (ScD) Д.Найдан, Г.Очирбат, О.Адьяа, доктор (PhD) Л.Жаргалсайхан, Ж.Энэбиш нар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан нь Монголын төр засаг шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн үзэж байна.
ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар Монгол Улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг, ОХУ-ын Алс Дорнодын Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Япон Улсын Каназавагийн их сургуулийн профессор Кацужи Ёшиока нарыг шагналаа.
БНСВУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Нийгмийн шинжлэх ухааны төлөө зүтгэлтэн” медалиар Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (PhD) Б.Цэнгэллхамыг шагнасан бөгөөд манай улсаас анх удаа уг шагналыг хүртсэн байна.
Салбарын Бага чуулган, төрөлжсөн академиудын хуралдаанаар 2023 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөө, хэрэгжиж дууссан суурь судалгааны төслийн тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Төрийн шагналд бүтээл дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Хэрэгжиж дууссан суурь судалгааны 67 төслийн тайланг хэлэлцүүлэн, дүгнэлтийг гаргасан байна.
ШУА-ийн салбарын Бага чуулган, төрөлжсөн академиудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар хийгээд бусад холбогдох Төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт, “Эрүүл Монгол хүн“ санаачилгын хүрээнд “Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” Шинжлэх ухааны ажилтны II их хурал, “Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж” үндэсний эрдэм шинжилгээний хурал, “Монгол туургатны уран зохиол, соёлын өв, уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, “МОРИН ХУУР - 2024”, “XX зууны монгол хэл бичгийн ухааны хөгжил төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100”, “Хүнсний аюулгүй байдал ба нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” зэрэг эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, хурлаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлогын төсөл хөтөлбөрүүдэд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор харьяа хүрээлэнгүүдээс 13 төслийн саналыг гаргуулан авч, зарим төслийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Эх орны түүхий эдээс шахмал түлшний холбогч материал гарган авах технологийн судалгаа” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийт 23 чиглэлийн ажил хийсэн байна. Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд 1, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд 1, Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд 10, Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 5, Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд 6 багц ажлыг гүйцэтгэж байна.
Шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагыг нэвтрүүлэх, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлснээр нээлттэй эх үүсвэрээс их өгөгдөл авч ашиглах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Гамшгаас урьдчилан сэргийлэх нээлттэй шинжлэх ухааны дэд бүтэц” сургалт, семинарыг Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн өгөгдлийн хороо (CoDATA), БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академитай хамтран зохион байгуулав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, Шинжлэх Ухааны Академийн “Дунд хугацааны стратеги (2018-2025)” төлөвлөгөөний хүрээнд “Энтрепренер судлаач” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр СЭЗИС-тай хамтран амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Энтрепренер судлаач үндэсний хөтөлбөрийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсний дүнд, төр болон хувийн хэвшил бизнесийн байгууллагуудаас нийт 150 энтрепренер судлаач бэлтгэгдэн, тэдгээрээс шинээр 8 оюуны өмч мэдүүлэг гаргаж, судалгаанд суурилсан 18 бизнес төслийг хөгжүүлсэн байна.
“Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон 2024” тэмцээнийг анх удаа орон нутагт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймгаас нийт 34 төсөл бүртгүүлж, өрсөлдсөнөөс тэргүүн байранд хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт зориулан шинээр загварчилж бүтээсэн “Монгол пассив хүлэмж” төсөл (Эрдэнэт хотоос оролцогч төслийн баг), дэд байранд ШУА-ийн цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй, ургамлын гаралтай биологийн идэвхт уусдаг бэлдмэл үйлдвэрлэх “Анти сахар-4” төсөл (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн судлаачид), арьс шир, ноос, нэхмэл бүтээгдэхүүнийг угаах, эмульсжүүлэх үйлчилгээтэй эх орны нөхөн сэргээгдэх түүхий эд буюу рапсын тосноос гарган авсан гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Bubble tech” төсөл (ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачид) шалгарлаа. Мөн энэ оноос эхлэн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ийн нэрэмжит грант олгодог боллоо.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, санхүүгийн тайланд бүртгэх зорилгоор ШУА-ийн эзэмшилд хүчин төгөлдөр ашиглагдаж байгаа аж үйлдвэрийн 47 оюуны өмчид үнэлгээ хийлгэж, санхүүгийн тайланд бүртгэлээ.
Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Хамтын оффисын үйл ажиллагааг эхлүүлж, харьяа хүрээлэнгүүдийн дэргэд инновацын төсөл хэрэгжүүлэх 5 гарааны компани, 1 инновацын төслийг бойжуулах ажлыг эхлүүлээд байна.
Олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, эрдэмтдийн бүтээлийг сурталчлах зорилгоор ШУА-ийн “Эрдэмтдийн үг” цуврал лекц 12 удаа зохион байгуулагдаж, хүүхэд, багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан бичил ном 11 цуврал хэвлүүлэх, хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах зэрэг олон ажлыг хийлээ. Шинэ ном танилцуулах "Эрдэм номын чуулган" үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн эрдэмтдийн бүтээл 283 ширхэг номыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандивлалаа.
Гадаадын 6 улсын 8 байгууллагатай хамтын ажиллагааны 3 гэрээг шинээр, 5 гэрээг шинэчлэн байгуулсны 4 нь Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зурагдсанаараа онцлогтой байв. Бүгд Найрамдах Чех Улсын Шинжлэх Ухааны Академи, Унгарын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах протоколыг шинэчлэн байгуулж, хамтарсан 4 Мобилити төсөл хэрэгжүүлж байна.
Мөн эрдэмтэн судлаачдыг чадваржуулах, гадаад хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор “Зочин судлаач” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо
ЗАРИМ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Олон улсын болон үндэсний эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулав.
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдээс “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил -2024”, “Математик, тоон технологи-2024”, “Ургамал судлал”, “Нарны эрчим хүчийг ашиглан цахилгаанд хувиргах тухай”, “Төв азийн ороген бүс-2024”, “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв”, “Хүннүгийн археологи: Дурсгалын он цагийн асуудал”, “Шашин хоорондын анхдугаар Улаанбаатарын яриа хэлэлцээр: Эв нэгдэл, харилцан ойлголцол, шашны эрх чөлөө”, “Хими-2024” зэрэг үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгуулав.
Хүрэлтогоот дахь Одон орон судлах оргилыг С.Нинжбадгарын нэрэмжит болгов.
Монгол Улсад орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгч, одон оронч, ахмад эрдэмтэн Санжмятавын Нинжбадгарын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд "Одон орон ба геофизик" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгчийн 2024 оны А/47 дугаар тушаалаар ШУА-ийн ООГХ-ийн Хүрэлтогоот дахь Одон орон судлах оргилыг С.Нинжбадгарын нэрэмжит болгов.
Туршилт судалгааны лаборатори байгуулав.
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Сэргээгдэх эрчим хүчний судалгааны багийнхан нарны зай болон фазын шилжилттэй материал бүхий хуримтлуураар цахилгаан, дулааныг зэрэг шийдсэн сэргээгдэх эрчим хүчний гибрид бие даасан үүсгүүр бүхий туршилт судалгааны лабораторийг байгуулав.
Нэг бүс-Нэг зам” хамтарсан лабораторид өндөр мэдрэмжит багажуудыг суурилуулав.
БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн академитай хамтран Эрдэс боловсруулалтын “Нэг бүс-Нэг зам” хамтарсан лаборатори байгуулах төслийн хүрээнд Хими, химийн технологийн хүрээлэнд эрдэс түүхий эд болон төрөл бүрийн материалуудын эрдэс бүрдэл, бүтцийг тодорхойлох рентгендифрактометр (XRD), гадаргуугийн дүрсийг 100,000 дахин томруулах хүчин чадал бүхий дүрс хэмжигч сканнинг электрон микроскоп (SEM) зэрэг өндөр мэдрэмжит аналитик багаж тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, ажиллагаанд орууллаа.
Хятад, Монгол, Оросын хүйтэн, хуурай, гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төв байгуулагдав.
БНХАУ-аас дэвшүүлсэн “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд “Хятад-Монгол-Оросын хүйтэн, хуурай, гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төв”-ийг гурван улсын эрдэмтийн санаачилгаар байгуулав. Тус төвд бүх түвшний судлаач, эрдэмтдийн солилцоо, “Нэг бүс-нэг зам”-ын хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хүйтэн, хуурай, гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчинтой холбоотой хурал, семинар, хээрийн судалгаа хийх, ахисан түвшний оюутан сургах зэрэг үйл ажиллагааг явуулах юм.
Элсний нүүлтийг сааруулах механик, биологийн хамгаалалт хийх технологийн шийдлийг орон нутагт амжилттай нэвтрүүлэв.
Булган аймгийн ЗДТГ болон Байгаль орчны газрын захиалгаар Булган аймгийн Рашаант суманд “Цөлжилт, элсний нүүдлийг тогтоон барих зорилгоор байгуулсан ойн зурваст, элсний механик хамгаалалт хийх” төслийг амжилттай хэрэгжүүлэв. Элсэн тасархай дахь авто замыг элсний нүүлтээс хамгаалах зорилгоор байгуулсан хамгаалалтын ойн зурвас бүхий 3 га талбайн, ургамлаар бэхлэгдээгүй манхан болон нүцгэн элс бүхий газрыг 100 хувь хамруулсан бөгөөд, 1:1 м хэмжээтэй шоо дөрвөлжин торлож хийв. Механик хамгаалалтад ашиглах сүрлийг бэлтгэхдээ урьд жилүүдэд байгалийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд ургасан олон наст дэрс, хиагийн үр бүрэн боловсорсон үед нь хадаж ашиглав.
“Зурагт хуудас” болон “Чингис хааны жанжид” сэдэвт шуудангийн марк гаргав.
Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн судлаачид, 1921 оны хувьсгалын дараа нам, төрөөс улс ардын аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёлыг хөгжүүлэх талаар явуулсан олон талт бодлого, арга хэмжээний дотор ухуулах хуудас, зурагт хуудас хэвлэн гаргаж, БНМАУ-ын нам, төрөөс дэвшүүлэн тавьж байсан бодлого зорилт, дотоод, гадаад бодлогыг тусгаж, тухайн цаг үед өрнөж байсан үйл явдал, нөхцөл байдлыг дүрслэн харуулсан түүхийн судалгааны чухал эх сурвалж болох “Зурагт хуудас” сэдэвт хоёр багц марк, мөн Аруладын Боорчу, Жалайрын Мухали, Жүрхэний Борохул, Сүлдүсийн Чулуун, Баруласын Хубилай, Бэсүдийн Зэв, Урианхайн Зэлмэ, Урианхайн Сүбээдэй нарын Их Монгол Улсыг байгуулахад гүйцэтгэсэн үүрэг, гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх үүднээс “Чингис хааны жанжид” сэдэвт шуудангийн багц маркийг “Монгол шуудан” ХК-тай хамтран гаргаж, Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөр анхны өдрийн нээлтээ хийсэн байна.
“Өв хамгаалагчид” өдөрлөгийг орон нутагт зохион байгуулав.
Археологийн хүрээлэн, Их Британы Ливерпүүлийн Их сургууль, “Номад сайнс” ТББ хамтран Монгол, Америкийн “Умард хязгаар” төслийн хүрээнд “Өв хамгаалагчид” өдөрлөгийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Улаан-Уул сумдад, “МАПСС” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт зохион байгуулав.
Аюултай хог хаягдлын шинжилгээний аргын цуврал стандартуудыг боловсрууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн тусгай хөтөлбөрийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд аюултай хог хаягдлын шинжилгээний аргын 13 стандартыг MNS стандарт болгон боловсруулав. Аюултай хог хаягдлыг устгах, боловсруулах менежментийг сайжруулахад уг стандартууд нь дэмжлэг болно.
Нэр томьёог оноон тогтоох MNS стандартыг батлуулав.
Хэл шинжлэлийн салбарын эрдэмтэд нэр томьёог оноон тогтоох үндэсний стандартыг олон улс, бүс нутаг, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандартад нийцүүлэн шинжлэх ухаан, технологийн түвшнийг дээшлүүлэх зорилгоор “Монгол нэр томьёоны стандартын судалгаа” хамтын бүтээлийг туурвиж, MNS ISO 704: 2024 “Нэр томьёоны ажил - Зарчим ба арга”; MNS ISO 1087: 2024 “Нэр томьёоны ажил ба нэр томьёоны шинжлэх ухаан - үгийн сан” хэмээх хоёр үндэсний стандартыг батлуулж, MNS ISO 860: 2024 “Ухагдахуун ба нэр томьёог жигдлэх”; MNS ISO 29383: 2024 “Нэр томьёоны бодлого - Боловсруулалт ба хэрэгжилт”; MNS ISO 10241-1: 2024 “Стандарт дахь нэр томьёоны оруулбар” хэмээх 3 үндэсний стандартын төслийг боловсруулав.
СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
Springer хэвлэлийн “Journal of Mathematical Sciences” сэтгүүлийн тусгай дугаар хэвлүүлэв.
Математик, тоон технологийн хүрээлэнгээс академич Т.Жанлавын 80 насны ойд зориулан 2023 онд зохион байгуулсан “Тооцон бодох ба хэрэглээний математик” (ICCAM 2023) олон улсын эрдэм шинжилгээний хурлын шилдэг 13 өгүүлэл “Springer” хэвлэлийн тусгай сэтгүүл болон хэвлэгдлээ.
Пүүс, компанийн ашигт ажиллагааны хугарлын цэгийг тодорхойлов.
Хучилтын бодлогын глобаль оптимизацийн арга, алгоритм, программ хангамж ба хэрэглээ судалгааны хүрээнд бизнесийн байгууллагын CVP шинжилгээний шугаман бус загвар боловсруулах, пүүс, компанийн ашигт ажиллагааны хугарлын цэгийн шинжилгээг хийх шинэ арга дэвшүүлэн, хугарлын цэгийг үнийн хувьд тодорхойлон, ашигт ажиллагааны мужийг байгуулж тоон үр дүнг гаргалаа.
Хиймэл оюунд суурилсан монгол хэлний программ хангамжуудыг боловсруулав.
Дүрс зургаас монгол бичгийн бичвэр үүсгэх болон монгол хэлний бичвэр боловсруулалтад гүний сургалтын аргыг ашиглах технологийн судалгааны хүрээнд монгол хэлний кирилл бичгийн, монгол хэлний кирилл болон монгол бичгийн параллель өгүүлбэрүүдийн сан, монгол бичгийн дүрс зургийн болон түүнд харгалзах монгол бичгийн бичвэрийн сангуудыг бүрдүүлэн нэмж засварлан сайжруулсан байна. Уг сангуудаа ашиглан монгол хэлний кирилл бичгийн үг зүйн задлал хийх, монгол хэлний кирилл болон монгол бичгийн хооронд хөрвүүлэлт хийх болон монгол хэлний кирилл бичгийн бичвэрээс алдаа илрүүлэх, засах программ хангамжуудыг боловсруулан амжилттай туршлаа.
Тогтмол соронзонг гарган авав.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй “Энергийн ялгарал ихтэй тогтмол соронзонгийн нано материалын шинж чанарын судалгаа" төслийн хүрээнд манай физикчид анх удаа эх орондоо лабораторийн нөхцөлд соронзон шинж чанар өндөртэй, газрын ховор элемент агуулаагүй Fe2P шинэ төрлийн квант материал гэж нэрлэгдэх тогтмол соронзонг гарган авав.
Ойн хөнөөлт шавж Якобсоны төөлүүрч эрвээхэйн (Erannis Jacobsoni Djak.) эсрэг идэвхтэй био-бэлдмэл гарган авах технологи боловсруулав.
Ойн хөнөөлт шавж олшролттой нутгууд дахь тандалт судалгаагаар хөнөөлт шавжийн эсрэг идэвхтэй бактерийн нутгийн омог илрүүлэх дээж материал цуглуулж, 700 орчим дээжээс 56 бактерийн цэвэр өсгөвөр ялган, морфологи, физиологи, биохимийн шинж чанараар нь ангилав. Лабораторийн сангийн нийт өсгөврөөс Bacillus-ийн төрлийн өсгөврүүдийг сонгон хөнөөлт шавжийн эсрэг идэвхийг тодорхойлж, үхүүлж буйг тогтоов. Нийт өсгөврийн шинж чанар, туршилтын үр дүнгээс хамааруулан ангилж, 11 өсгөврийг Bacillus-ийн зүйл болохыг, үүнээс 6 өсгөвөр нь Вacillus thuringiensis-ийн зүйл болохыг молекул биологийн аргаар тодорхойлон, биобэлдмэл гарган авах нөхцөлийг бүрдүүлэв.
“Монгол орны агнуур биогеоценозын өргөн холбогдолт хөхтөн амьтад” гурван боть бүтээл туурвилаа.
“Монгол орны ан агнуур, агнуур биогеоценозын өргөн холбогдолт хөхтөн амьтны экологи биологи онцлог” сэдвийн хүрээнд туурвисан “Монгол ан авын товчоон”, “Монгол орны агнуурын хөхтөн”, “Монгол орны зэрлэг хөхтний үсний бүтцийн атлас” цуврал бүтээлийг туурвиж, хэвлүүллээ. Тус бүтээл нь өвөг дээдсийн ан авын талаар үлдээсэн анхны дурсгал болох монгол орны хад чулуунд сийлж бүтээсэн сүг зургийн зүйлээс эхлэн бичгийн мэргэдийн эрт үеэс өнөөг хүртэл тэмдэглэн үлдээсэн монголчуудын ав хоморго, ан агнуурын хөгжил, хууль цаазын уламжлалыг сонирхон судлах байгаль, ан амьтан хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан судлаачдад гарын авлага болох юм.
Тарьц, суулгацыг технологийн дагуу тарьж ургуулав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын Баян даваанд 30 га талбайд 2 настай 75000 ширхэг шинэсний тарьц, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Моностойн аманд 10 га талбайд 2 настай 25000 ширхэг нарсны тарьц, Сүхбаатар аймгийн Шилийн Богд ууланд 15 га талбайд 75000 ширхэг шилмүүст болон навчит модны 5 зүйлийн 2 настай тарьцаар ойжуулалт хийн, Ботаникийн цэцэрлэгийн ногоон байгууламжид 15 зүйлийн 1564 ширхэг тарьцыг тарьснаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 2024 оны байдлаар нийт 176564 ширхэг тарьц, суулгацыг технологийн дагуу тарьж ургууллаа.
Хөрсний хар тугалганы бохирдлыг ургамал ашиглан бууруулах зөвлөмж боловсруулав.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.5.2-т тусгагдсан “Агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчинтой болох” зорилтын хэрэгжилтийн хүрээнд хот, суурин газрын хөрсөн дэх хар тугалганы бохирдлыг ургамал ашиглан бууруулах туршилт судалгааг хийж, ургамал ургалтын хугацаанд Тойруулгат жамбаар хөрсний хар тугалганы бохирдлыг 30-32% бууруулах боломжтойг илрүүлж, уг зүйл ургамлыг бохирдолтой хөрсөнд тарьж ургуулах зөвлөмж боловсруулав.
Малын яснаас биологийн идэвхт коллаген гарган авах технологи боловсруулав.
Пипаин, альфа-амилаза, коллагеназа зэрэг ферментүүдийг хослуулан ашиглаж, малын яснаас коллагеныг ялган, ультра мембран шүүлтийн технологиор бага молекул жинт I, III төрлийн коллагены гидролизат болон изолят гарган авах судалгааг гүйцэтгэн, малын яснаас биологийн идэвхт коллаген гарган авах технологийн горимыг тогтоон, 75%-ийн коллаген агуулсан, нунтаг хэлбэрийн загвар бүтээгдэхүүнийг гарган авав.
“Хонхор” нуурын усыг цэвэршүүлэх туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэв.
“Ногоон хөгжлийн сэргэлт” бодлогын 5.2 дахь зорилтын хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт орших хүнд металлаар бохирдсон “Хонхор” нуурын усыг 3 удаагийн давтамжтай “EM-mudball” шавар бөмбөг болон ашигтай бичил биетний био бэлдмэлээр цэвэршүүлэх судалгааг хийж, нуурын ус болон ойролцоох хөрсний бохирдлын хүнд металлын хэмжээг эрс бууруулан, зарим эрдэст элементийн агууламжийг нэмэгдүүлэв.
Монгол орны бүс нутгийн, дээд мантийн 3 хэмжээст хурдны загварыг тодорхойлов.
Монгол болон Евроазийн бүс нутгийн, дээд мантийн S долгион болон радиал анизотропик 3 хэмжээст хурдны загварыг тодорхойлсон нь бүс нутгийн газар хөдлөлтийн зүй тогтол болон тектоник хөдөлгөөнийг тайлбарлахад чухал ач холбогдолтой боллоо.
Хөл газрын ургамлаас байгалийн шинэ нэгдлүүдийг илрүүллээ.
Хөл газрын ургамал болох Будан барбад (Leptopyrum fumarioides)-ын фитохимийн судалгаагаар тус ургамлаас ялгасан лептомонин А, лептомонин B алкалоидууд нь байгалийн шинэ нэгдлүүд болохыг илрүүлж, үрэвслийн эсрэг өндөр идэвхтэй болохыг DPPH болон ABTS аргуудаар тогтоов. Эдгээр алколойдын фракц бүхий усан хандыг ашиглан элэг хамгаалах ундаа үйлдвэрлэх технологи боловсруулав.
Хулж-Ерөөгийн бүсэд Ковдорскит ( Mg2PO4(OH)·3H2O) магнийн фосфатын ховор эрдсийг анх удаа тогтоов.
“Төв Монголын Бүтээлийн нуруу болон Хулж-Ерөөгийн бүсүүдийн палеозойн гранитоид магматизмын гарал үүсэл, геодинамик хөгжил ба хүдэржилтийн зүй тогтол” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Хулж-Ерөөгийн бүсэд Орхон-Сэлэнгийн болон Баянголын металлогений 2 бүс ялгагдаж, тэдгээрт ангилагдах 6 дүүргийг тодруулжээ. Баянголын металлогений бүсэд орших Хуст-Уулын төмрийн ордын хүдрийн эрдсийн бүрэлдэхүүнийг өндөр нарийвчлалтай Лазер Раман спектрометрийн багажаар тодорхойлж Ковдорскит ( Mg2PO4(OH)·3H2O) магнийн фосфатын ховор эрдсийг уг ордод анх удаа тогтоогоод байна.
Тунамал хурдас дахь элсэн чулууны зөөгдмөл цирконд U-Pb-ны аргаар үнэмлэхүй нас тогтоов.
“Цүүгэлийн ам орчмын дээд палеозойн тунамал чулуулгийн хурдас хуримтлалын эх үүсвэр (Хархорины бүс)” сэдэвт ШУА-ийн грант төслийн хүрээнд Хархорины бүсийн хэмжээнд тархалттай литологийн найрлага болон структур, давхаргазүйн байршлаар ижил боловч өөр өөр нэршил бүхий тунамал хурдаснууд нь уламжлалт дунд-дээд девоны (359-383 сая жил) настайгаар зураглагдаж ирсэн. Орчин үеийн дэвшилтэт технологи, нарийвчилсан судалгааны аргуудыг ашиглан тунамал хурдас дахь элсэн чулууны зөөгдмөл цирконд U-Pb-ны аргаар үнэмлэхүй нас тогтооход хурдас хуримтлалын нас нь доод-дээд карбоны (309-338 сая жил) настай болж шинэчлэгдэн, геохимийн шинж чанараар хүчиллэг магмын чулуулгаас эх үүсвэртэй эх газрын идэвхтэй захын нөхцөлд үүссэн болохыг тодруулж, баталгаажуулснаар цаашид Цүүгэл формацын нэр дор нэгтгэв.
Шинэ төрөл зүйлийг шинжлэх ухаанд нэршүүлэв.
Монгол орны Алтайн өвөр говьд орших Хэрмэн цав олдворт газраас троодонтид үлэг гүрвэлийн олдворыг анх удаа илрүүлж, Harenadraco prima gen. et sp. nov. Lee et al., 2024 хэмээх шинэ төрөл, зүйлийг тодорхойлон бичиглэж, шинжлэх ухаанд нэршүүллээ. Монгол орны түрүү цэрдийн Тэвшийн говь, Төгрөг нүүрсний орд газруудаас чулуужсан нүцгэн үртэн ургамлын үрийн Mongolitria sp. nov. Maya et al., 2024 шинэ төрөл, түүнд хамаарах Mongolitria friisae sp. nov. Maya et al., 2024 болон Mongolitria exesum sp. nov. Maya et al., 2024 хэмээх 2 шинэ зүйлийг тодорхойлон бичиглэж, шинжлэх ухаанд шинээр нэршүүлэв. Өмнөд Монголын дээд пермийн цаг үеийн хурдас чулуулгаас шилмүүст модны мөчир олж илрүүлсэн бөгөөд уг олдворын судалгаагаар Secrospiroxylon tolgoyensis gen. nov. et sp. nov. хэмээх шинэ зүйлийг бичиглэж, шинжлэх ухаанд нэршүүлэхээр дэвшүүлэв.
Хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлыг тодорхойлов.
Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн судлаачид хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлын хэвийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, биеийн хэмжилт, амьдралын хэв маягийн хүчин зүйлсийг үнэлж, сэтгэл түгшилтийн тархалт 9.9%, сэтгэл гутрал 4.9%, тархины хэт ачаалал 18.3% байгааг судлан тогтоолоо. Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал нь тархины хэт ачааллын шинж тэмдгүүдтэй хамааралтай байсан ба тархины хэт ачаалал нь эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой байгааг судалж, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тархины хэт ачаалал нь ноцтой асуудал болж буйг илрүүлэв. Судалгааны үр дүнгээр “Scientific reports” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэв.
Дундад зууны монголчуудын бичиг үсгийн түүхэнд холбогдох бийр янтай бүхий бичгийн модон хэрэглэл олдлоо.
Археологичдын судалгааны баг “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Бор-Өндөр - Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай авто замын трасст өртсөн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 4 дурсгалыг авран хамгаалах малтлага судалгааны ажлыг хийж, хүрэл болон XIII-XIV зууны монголын эзэнт гүрний үед холбогдох булш оршуулга, тахилын байгууламж байгааг тодорхойлсны зэрэгцээ манай дундад зууны археологийн судалгааг шинэ сэргэг баримтаар баяжуулах эд өлгийн зүйлсийг шинээр олж илрүүлсэн байна. Тухайлбал, огт хөндөгдөж тоногдоогүй хэд хэдэн төрлийн эд өлгийн зүйл дагалдуулсан дундад зууны монгол булшийг судалсны дотор монголчуудын бичиг үсгийн түүхэнд холбогдох бийр янтай бүхий бичгийн модон хэрэглэл олдсон нь маш сонирхолтой юм.
“Эргэлтийн цэг: Хиймэл оюуны эрин дэх бодлогын хэрэгжилт”орчуулгын бүтээл, “Соёл: Зохицохуй ба эзэмдэхүй” зэрэг бүтээлүүд хэвлэгдэн гарлаа.
Философийн хүрээлэнгийн судлаачид АНУ-ын Вашингтон хот дахь бодлогын судалгааны Брүүкинс хүрээлэнгээс эрхлэн
Түүхийн тайлбартай “Монголын нууц товчоон” англи хэлнээ орчуулагдан, “Монгол банкны түүхэн товчоо” бүтээл хэвлэгдлээ.
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачид “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлд тулгуурлан уг бүтээлийн англи хэлний эрдэм шинжилгээний орчуулгыг хийж, Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр нийтийн хүртээл болголоо. Ингэхдээ урьд өмнө хэвлэгдсэн “Монголын нууц товчоон”-ы англи орчуулгуудыг нарийвчлан харьцуулсны үндсэн дээр уг орчуулгаа хийсэн байна. Мөн Монгол банкны 100 жилийн ойн хүрээнд тус хүрээлэнгээс Монгол банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Монгол банкны түүхэн товчоо” хамтын бүтээлийг бичиж, “Монгол банк 100” баримтын 2 боть эмхэтгэлийг хэвлүүлж нийтийн хүртээл болголоо.
“Монгол туургатны аман зохиолын дурсгал” 10 боть, “Монгол бичгийн гарын авлага” бүтээлүүд хэвлэгдэн гарлаа.
Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид ОХУ-ын ШУА, Дэлхийн утга зохиолын хүрээлэн, Б.Б.Городовиковын нэрэмжит Халимагийн Улсын Их Сургуультай хамтран “Монголчуудын аман зохиолын дурсгал” хэмээх 10 боть бүтээлийг ОХУ-ын Москва хотноо хэвлүүллээ. Тус бүтээл нь халх, ойрад, буриад зэрэг монгол угсаатны бүлгүүдийн хэл аялгуугаар, өдгөө хэрэглэгдэж байгаа бичиг үсгээр байхын сацуу үг хэллэгийн тайлбар сэлттэй, DOI болон ORCID ID бүртгэлтэй. Мөн монголчуудын гүн ухаан, сурган хүмүүжүүлэх зүй, ёс суртахуун, гоо зүй, эрдэм ухааны нандин уламжлалыг баринтаглан хадгалсан монгол аман зохиолын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулж буй үнэ цэнтэй бүтээл юм.
Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд “Монгол хэлний тухай хууль”-д заасан чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичгийн гарын авлага” болон “Монгол бичгийн заах аргын зөвлөмж” номыг бэлтгэн хэвлүүллээ. Тус гарын авлагыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бичиж боловсруулсан бөгөөд номын цахим хувилбарыг Төрийн албаны зөвлөлийн веб сайтад байршуулсан байна.
Зүүн болон төвийн бүсийн боомтын судалгаа хийв.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачид 2024 онд Дорнод, Сүхбаатар аймаг дахь хилийн боомтуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон ОХУ, БНХАУ-ын хил залгаа бүс нутгуудтай хамтын ажиллагааны бодит боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгааг хийж, Монгол Улсын төвийн коридорын дагуух Алтанбулаг, Хөшгийн хөндий, Улаанбаатар Сайншанд, Замын-Үүд боомтуудын эрэмбэ, Монгол Улсыг төв коридорын дагуух боомтуудын төрөлжилтийн чиглэл, БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан олон улсын хуурай боомтын хөгжлийн туршлага, Монгол Улсын байгалийн зарим баялгийн байршилт дээр тулгуурласан зам, тээвэр, хуурай боомтын хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын төв коридор болон зүүн коридорын далайн боомтын холболтын үндэслэл, БНХАУ, ОХУ-ын далайн боомтууд болон бүс нутгийн логистикийн сүлжээнд холбох, сайжруулахад шаардлагатай хатуу ба зөөлөн дэд бүтцийг байгуулах зөвлөмж, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын зам, тээвэр, логистик, боомтын хөгжлийн бодлогын уялдааг хангах санал, зөвлөмж, Монгол Улсад хуурай боомт байгуулах, хөгжүүлэх менежментийн үлгэрчилсэн загвар зэргийг боловсруулж, төрийн холбогдох яамдад хүргүүллээ.
Анагаах ухааны салбарын эрдэмтэд ЭМЯ, ДЭМБ-ын санхүүжилтээр “Халдварт өвчинтэй тэмцсэн түүх, туршлага, сургамж” 4 боть бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо. Хүн амын бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, нас баралтыг бүс нутгаар тогтоож, газар зүйн зураглал гарган, хавдар, хавдрын урьдал эмгэгийн үед Enterobacterales, Fusobacteriaceae, Clostridium perfringens бактериудын тоо, хоруу чанар ихсэж, эрсдэл болж байгааг тогтоосон байна. Түүнчлэн гепатитын С вирусийн архаг халдварын үед элэгнээс бусад эрхтэн тогтолцоонд илрэх шинжүүдийг судалж, бөөрний үйл ажиллагааны алдагдал 42.5%, цусанд криоглобулинеми илрэх эмгэг 60.1% тохиолдож байгааг судлан, Азийн орнуудаас 10.2-24.8% их тохиолдож байгааг тогтоов. Хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг үнэлж, Монгол Улсын эдийн засгийн 4 бүс 21 аймгийн 113 сум, нийслэлийн 8 дүүргийг хамруулан судалж, тав хүртэлх насны хүүхдийн дундах цус багадалт, бичил тэжээлийн дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан үзүүлэлттэй байгааг судлан тогтоов. Мөн “Уламжлалт эмийн хэрэглэх заавар” номыг туурвин, уламжлалт эм, түүнд хэрэглэгддэг түүхий эдийн фармакопейг англи хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэв.
Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд
Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд үр тарианы шинэ таримал сортыг түгээн дэлгэрүүлж, 400 гаруй т супер элит үр, төмсний 99 т элит үр үйлдвэрлэж, улсын хэмжээний буудайн супер-элит үрийн хэрэгцээний 60%, төмсний элит үрийн хэрэгцээний 20%-ийг хангаж, хүнсний ногооны 8 төрлийн таримлын 578 кг үр, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 20,000 ширхэг суулгацыг үйлдвэрлэв. Судлаачдын олон жилийн туршилтын үр дүнд буй болсон буудайн нутагшсан Дархан-144 сортод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртээлээ.
САТРЕПС төслийн хүрээнд Монгол, Японы судлаачид Сиверсийн шарилжийн лигнаны төрлийн нэгдлийн хими, фармакологийн судалгаа хийж, өвлийн улиралд малын турах явцыг сааруулах үйлдэлтэй лигнаны төрлийн бодис илрүүлжээ. Үүний үр дүнд тулгуурлан өвөл, хаврын улиралд бэлчээрийн малын амьдын жин алдалтыг сааруулах, хүйтний улиралд зохицсон бодгалын бодис солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах үйлдэлтэй ААТ-2 (Autumn Artemisia Terpenoids-2) тэжээлийн нэмэлт бэлдмэлийг зохион бүтээв.
Судлаачид “Галшарын улаан” болон “Цагаан-Овоогийн хар” омгийн улаан, хар зүсний ямааг гэрлийн хязгаарлалт буюу бэлчээрлэх хугацааг богиносгох замаар ноолуурыг зуны улиралд ургуулах, ноолуурын гарцыг 25-52%-аар нэмэгдүүлэх боломжтой болохыг судлан тогтоолоо.
Бусад мэдээлэл