Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: СУРГАЛТ СУДАЛГААНЫ АЖЛЫН УЯЛДААГ ХАНГАХАД ИХ СУРГУУЛИУД ЭЛСЭЛТИЙН ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Д.РЭГДЭЛ: СУРГАЛТ СУДАЛГААНЫ АЖЛЫН УЯЛДААГ ХАНГАХАД ИХ СУРГУУЛИУД ЭЛСЭЛТИЙН ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

ШУТИС энэ жил 60 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. Энэхүү ойн хүрээнд 10 сарын 15-16-ны хооронд Их сургуулийн Ерөнхийлөгчийн форум "Тогтвортой хөгжлийн дээд боловсрол, дэвшилтэт технологийн үүрэг, ач холбогдол" сэдвийн дор болох гэж байна.

Монгол Улсын ууган дээд боловсролын байгууллагуудын нэг болсон ШУТИС түүхт 60-н жилийн ойгоо  энэ жил тэмдэглэж байна. Энэхүү ойн хүрээнд  “University President’s International Forum on  ACADEMIC AND RESEARCH EXCELLENCE TOWARDS SUSTAINABLE DEVELOPMENT”  олон улсын форумыг зохион байгуулж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотноо болж буй тус хуралд ШУТИС-тай 60 жилийн хугацаанд хамтран ажиллаж байсан дэлхийн шилдэг 30 их сургуулийн ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэхээр цуглажээ. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаарх мэдлэг, туршлагаа хуваалцах, дэлхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зөвлөмжийг боловсруулж, цаашдаа их сургуулийн бодлого, үйл ажиллагаанд тусгах аж.

Тус хуралд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр  “Дэлхий дахинд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эрч хүчээ аван өрнөж, улс орон бүр энэ үйл явцад ухаалагаар нэгдэн хөгжих бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж буй түүхэн чухал цаг үед зохион байгуулагдаж буй энэ форум  төр,  олон нийтийн болон их сургуулиудын төлөөлөл улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхийн хөгжлийн шинэ хандлагатай хөл нийлүүлэн хөгжихдөө  яаж хамтран ажиллах,  шинэ нөхцөлд эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг хэрхэн зохистой хослуулах, дээд боловсролын шинэчлэлийг  бодит үр дүнтэй хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох  зэрэг олон асуудлыг  хөндөж ярилцах байх аа.

Олон орны Их сургуулиудын Ерөнхийлөгчид, дэд ерөхийлөгч нар  хуран чуулсан энэ сайхан завшааныг тохиолдуулж Та бүхнийг анхаарлаа хандуулан хэлэлцэж, туршлагаа харилцан солилцоосой гэж хүсч  байгаа зарим нэг санаагаа товч хэлье. Миний санаа  бол  Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлд онцгой анхаарал татаж буй эрдэм шинжилгээ болон сургалтын ажлыг дээд боловсролын байгууллагад зохистой хослуулах асуудалд чиглэж байгаа болно.

Сургалт судалгааны ажлын уялдааг хангахад их сургуулиууд  анхнаасаа элсэлтийн зөв бодлого явуулах  шаардлагатай. Одоогоор манай дээд боловсролын байгууллагын элсэлтийн бүтэц ойролцоогоор тооцож үзвэл бакалавр 90 хувь, магистр 8,  доктор 2 хувь байгаа нь хэт өрөөсгөл хандлага юм. Энэ харьцааг  ядаж 60: 20: 10  гэсэн харьцаатай болгох талаар бодлого, менежментийн тодорхой алхам хийх цаг болсон гэж бодож явдгаа хэлье.

Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг  оновчтой хослох  суурь нөхцөл бол сургуулийн  санхүүгийн  бодлогоос шууд хамааралтай  байдаг. Санхүүжилтийн бүтцээ зөв болгох талаар идэвхтэй ажиллах нь зохистой байж мэднэ.

Оюутан, суралцагсдад судалгаа шинжилгээний ажил  хийх чадвар  эзэмшүүлэх нь дээд боловсролын байгууллага,  тэр дундаа инженер техникийн их сургуулиуудын хувьд их чухал  юм.  Ийм учраас их сургуульд судалж буй хичээлийн агуулгын, хамгийн багаар бодоход 30%-ийг дадлага, лабораторид явуулах боломжоор хангах, мөн тодорхой хувийг  судалгаа,  хөгжүүлэлтийн ажлын  дадлага эзэмшүүлэхэд  зориулах талаар анхаарч ажиллавал үр дүнд хүрэх талтай. 

Манай улсын хувьд ихээхэн анхаарал татдаг асуудлын нэг бол Томоохон их сургууль болон ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хооронд судалгаа, сургалтын эргэх холбоо бүхий үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох явдал  юм.  Ийм хамтын ажиллагаа орон бүхэнд өөрийн гэсэн онцлогтой байх нь зүйн хэрэг ээ. Бидний хувьд энд хүрэлцэн ирсэн гадаадын эрхэм зочид Та бүхний энэ талаарх туршлага, мэдлэг ихээхэн үнэ цэнэтэй байх болно” гэсэн юм.  


Бусад мэдээлэл