Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Д.АМАРСАЙХАН: ACRS2022-ОНЦЛОХ ИЛТГЭЛ 1
АКАДЕМИЧ Д.АМАРСАЙХАН: ACRS2022-ОНЦЛОХ ИЛТГЭЛ 1

2022 оны 10-р сарын 3-5-ны өдрүүдэд ACRS-2022 буюу “Азийн зайнаас тандан судлалын 43 дахь хурал” Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ШУА, Монмеп ХХК, Монголын гео-оронзайн холбоо Азийн зайнаас тандан судлалын холбоотой хамтран байгуулсан тус хурал дээр энэ салбар дахь Монголын шинжлэх ухааны түүхэн замнал, ололт, амжилтын талаар академич Д.Амарсайхан “Монгол улсын зайнаас тандан судлал, гео-оронзайн технологийн түүх, хөгжил” сэдвээр сонирхолтой “Онцлох илтгэл” (Keynote speech) тавьсаныг хураангуйлан хүргэж байна.


Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол улс нь зайнаас тандан судлал, гео-оронзайн болон газрын зураглалын арга, аргачлал, технологийн талаар түүхэн уламжлал ихтэй орон билээ. Түүхийн хуудас сөхвөл: монголчууд гео-оронзайн мэдээллийг олон зууны тэртээгээс ашиглаж иржээ. Манай орчин үеийн түүх 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеэс эхэлдэг бөгөөд судалгааны баримтуудаас үзэхэд, монголчууд 19-р зуунд өөрсдөө газрын зургаа хийдэг байсан байна. 1920-иод оны үед манайд эртний үлэг гүрвэлийн мөр хайхаар ирсэн Эндрюсийн экспедиц нь зураглалын багтай ирж, өөрсдийн судалгааны талбайг бүхэлд нь зурагласан байдаг. Монгол улс тусгаар тогнолоо олсон цаг үеэс хойш, энэ салбарт тухайн үеийн төр, засаг анхаарлаа илүүтэй хандуулж, 1920-иод сүүлч үеэс дэвшилтэт техник, технологи ашиглах явдал эрчимжжээ.

1950-иад оны сүүлч үеэс орчин үеийн зайнаас тандан судлалын суурь тавигдсан бөгөөд энэ үед манай улсын хувьд анхны “Атрыг эзэмших аян”-ыг эхлүүлж, тариалан тарих боломжит газруудыг тодорхойлох зорилгоор төрөл бүрийн агаарын зураглалыг хийж эхэлсэн юм.

1970 оны 12-р сард цаг уурын мэргэжилтнүүд манай орны нутаг дэвсгэр дээрх үүлний фото-зургийг АНУ-ын ЕССА-8 хиймэл дагуулаас хүлээн авч, цаг уурын зориулалтаар ашигласан бөгөөд энэ цагаас Монгол улсын зайнаас тандан судлалын хөгжлийн үеийг тооцдог. 

1970-аад сүүлч, 1980-аад оны эхэн үеэс Монгол улсын ШУА, Геодези, зурагзүйн газар, Ус цаг уурын хүрээлэн зэрэг 3 байгууллагад  зайнаас тандан судлалын аргазүй, технологийг анхлан ашиглаж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийг М.Ганзориг, М.Саандар, М.Бадарч нар ахалж байсан юм. Эдгээр хүмүүсийн ахалсан багууд зайнаас тандан судлалыг ашиглан судалгаа шинжилгээ, газрын зураглал, байгаль орчны судалгаа гэсэн 3 үндсэн чиглэлд ажиллаж байсан бөгөөд энэ салбарын ирээдүйн хөгжилд маш чухал бөгөөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Иймд, сансрын нисэгч, доктор М.Ганзориг, доктор М.Саандар, доктор М.Бадарч нарыг манай улсын зайнаас тандан судлалын салбарыг үндэслэгчид гэж зүй ёсоор нэрлэж болно.

1981 онд Монгол улсын иргэн Ж.Гүррагчаа сансарт нисэж, манай эрдэмтдийн боловсруулсан олон туршилтуудыг амжилттай тавьсанаас гадна, Монгол орныхоо олон тооны фото-зургийг сансраас авч, эх орондоо авчирсан нь манай орны сэдэвчилсэн судлаачдын хувьд чухал судалгааны материал болсон. Улмаар сансрын нисэгч М.Ганзориг 1982 онд гадаадын эрдэмтэдтэй хамтран тандан судлалын анхны өргөн цар хүрээтэй туршилтыг Монгол улсад тавьж, тодорхой үр дүнгүүдийг гаргасан нь манай улсын тандан судлалын салбарт шинэ дэвшил авчирсан юм.

1990 онд доктор М.Ганзориг тэргүүтэй манай улсын баг“Интеркосмос” хамтын ажиллагааны хүрээнд, гадаадын эрдэмтэдтэй хамтран Орхон-Сэлэнгийн сав газар болон хээрийн бүсийн нутагт сансар, агаар, газар гэсэн 3 түвшинг хамарсан “ГеоМон-90” туршилтыг тавьж, асар их хэмжээний мэдээ, мэдээлэл цуглуулсан.

1990 оны ардчилсан хувьсгалын дараагаас манай эрдэмтдэд дэлхийн зах зээл дээрх хиймэл дагуулын мэдээ, судалгааны алгоритмууд, боловсруулалтын системүүдтэй танилцах өргөн боломж нээгдсэн. 1991 онд Монгол улсад анх удаа АНУ-ын ЭРДЭС системийг НҮБ-ын төслийн хүрээнд ШУА хүлээн авч хиймэл дагуулын мэдээг боловсруулах, газарзүйн мэдээллийн систем (ГМС) байгуулах, өндөр түвшингийн аргуудыг сэдэвчилсэн судалгаанд ашиглах зэрэг цогц ажлуудыг эхлүүлсэн. “ГеоМон-90” туршилтын мэдээг боловсруулах нөр их ажил эхэлж, олон тооны үр дүнгүүдийг гарган авсан ба мэдээг боловсруулах явцад олж авсан мэдлэг, туршлагууд нь дараа, дараагийн судалгааны ажлуудыг гүйцэтгэхэд үндсэн суурь болж өгсөн юм.

1990-ээд оны дунд үе хүртэл манай судлаачид тандан судлал, ГМС-ийн болон статистик аргуудыг ашиглан нийлмэл судалгаа явуулж газрын бүрхэвчийн ангилал хийх, ашигт малтмалын шинэ боломжит ордуудад үнэлгээ өгөх, ойн өөрчлөлтийг судлах, байгалийн нөөцийн үнэлгээ хийх, оронзайн сангийн төрөл бүрийн загвар зохиох зэрэг олон ажлуудыг хийж, шинэлэг үр дүнгүүдийг гарган авч гадаад, дотоодын олон тооны бүтээл хэвлэн нийтлүүлсэн.

1997 онд ШУА нь Төв Азийн бүсийн радарын хиймэл дагуулын мэдээг хүлээн авах, боловсруулах зорилгоор Герман улсын Сансар судлалын хүрээлэнтэй хамтран ажилласан ба төслийн хүрээнд Монгол орныг бүхэлд нь хамарсан ERS-1,2 дагуулын радарын мэдээний архивтай болсон. Ингэснээр манай улсад радарын тандан судлалын эрин үе эхэлсэн юм.

Шинэ мянганы эхэн үеэс Quickbird дагуулын оптикийн мэдээ, TerraSAR дагуулын радарын мэдээ дэлхийн зах зээл дээр бий болсон нь хотын судалгаанд сансрын мэдээг далайцтай ашиглах боломжийг бий болгосон. Бид уг дагуулуудын мэдээг бусад хиймэл дагуулын мэдээтэй уялдуулан хотын нарийвчилсан судалгаанд ашигласнаас гадна, Palsar дагуулын мэдээг оптикийн мэдээтэй нийлэгжүүлэн хиймэл оюуны шинэлэг аргаар боловсруулсан.

Ер нь 2010 оныг хүртэл оптикийн, радарын, инсарын, GPS, цацаргалтын нэл улаан туяаны зэрэг мэдээнүүдийг өндөр түвшингийн аргуудаар боловсруулан ойн өөрчлөлтийг тодорхойлох, хөрсний чийгийг үнэлэх, байгаль орчны төлөв байдлыг хянах, ойн түймрийн эрсдлийн загвар боловсруулах, газар ашиглалтын өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн шалтгаануудтай нь уялдуулан судлах зэрэг олон төрлийн судалгааны ажлуудыг хийснээс гадна, 242 сувгийн хайперспектрийн мэдээг боловсруулах шинэлэг аргазүйг боловсруулж, улмаар гүний тандалтын радарыг ашиглан УБ хотын гүний цэвэр усны түвшинг тодорхойлсон.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд, энэ салбар дахь Монгол улсын хэрэгцээ, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг удирдлага болгон оронзайн өгөгдлийн дэд бүтцийн талаар, мөн түүнчлэн хиймэл оюуны, машин сургалттай, объектэд суурилсан болон оронзайн дүн шинжилгээний өндөр түвшингийн аргууд, олон хэмжээст статистик загваруудыг ашиглан төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааг эрчимтэй хийж байна. Тухайлбал, манай улсын оронзайн өгөгдлийн дэд бүтцэд орох төрөл бүрийн дэд сангуудын загварыг зохиох, ВебГМС-ийн программ хангамж боловсруулах, олон эх сурвалжийн хиймэл дагуулын мэдээг дроноор авсан болон спектрорадиометрээр хэмжсэн мэдээнүүдтэй нийлүүлэн ойн судалгаанд ашиглах, ургамлын мониторинг хийх, Монгол орны янз бүрийн бүсэд газрын доройтол, цөлжилтийг судлах, оронзайн олон шатлалт шинжилгээний аргыг ашиглан төрөл бүрийн үнэлгээ хийх, бэлчээрийн ба ойн биомассыг тодорхойлох, Улаанбаатар хотын температурын өөрчлөлтийн шалтгааныг судлах, ургамлын анхдагч цэвэр бүтээгдэхүүнийг тодорхойлох зэрэг маш олон ажлуудыг дурдаж болно.

Эцэст нь дүгнэн хэлэхэд, Монгол улсын хувьд орчин үеийн зайнаас тандан судлал, гео-оронзайн аргазүй, технологиуд нь төрөл бүрийн судалгааг өндөр түвшинд хийх, улмаар судалгааны үр дүнг улсын, бүс нутгийн, орон нутгийн хэмжээнд шийдвэр гаргахад ашиглах бүрэн боломжтой нь харагдаж байна.

Анхаарал хандуулсан та бүгдэд баярлалаа.


Бусад мэдээлэл