Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ИХ ЧУУЛГАНД УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ИХ ЧУУЛГАНД УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв.

Чуулганд академич нар, шинжлэх ухааны салбарын 500 гаруй эрдэмтэн мэргэд танхимаар болон цахимаар оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт академичид аа,

Эрдэмтэн судлаачид аа,

Эрдэм мэдлэгийг дээдэлдэг  эртний уламжлалтай  Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан  байгуулагдсан орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Юань гүрний үед Хубилай хаан “Улсын түүхийн хүрээлэн”, “Монгол мэргэдийн хүрээлэн”, “Мэргэдийг цуглуулах хүрээлэн”, “Улсын хөвүүдийн сургууль” зэргийг байгуулан, эрдэмтэн мэргэдийг урин ажиллуулж, эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлэх, сурган боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байсан түүхтэй. “Юань улсын судар”-т тэмдэглэснээс үзвэл, эдгээр байгууллагууд нь судалгаа шинжилгээний ажлыг эрхэлдэг байсан бөгөөд одоогийн Шинжлэх ухааны академийн шинжтэй байгууллага байсан хэмээн зарим судлаачид үздэг билээ.

Түүнчлэн бичгийн мэргэдийг сурган боловсруулж, ном судар хэвлэх, хүүхэд багачуудыг эрдэмд сургах зэрэг үйл ажиллагаа өрнүүлж байжээ.

Монголын эзэнт гүрний үед ч шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэдлэг түгээн дэлгэрүүлэх бодлогыг монгол хаад маань тууштай хэрэгжүүлж байсан гэж хэлж болно. 1234 онд Өгөдэй хаан ном хэвлэл хариуцан, дагнан эрхэлдэг төрийн байгууллага болох “Судар бичгийн газар”-ыг Елюй Чуцайн санаачилгаар байгуулж байсан байдаг. Түүнчлэн одон орон судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Ойрхи Дорнод болон Хятадад хэд хэдэн одон орны оргил байгуулсан түүхийг бид мэднэ.

Хубилай хаан 1261-1264 оны үед Улсын түүхийн хүрээлэнг байгуулж байсан гэсэн түүхэн эх сурвалжийг тооцох юм бол өдгөө Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага 660 жилийн ойтойгоо золгож байгаа гэж үзэж болох юм.

Ийнхүү зургаан зууны тэртээгээс шинжлэх ухааныг хөгжүүлж байсан монгол түмэн шинэ цаг үед буюу эдүгээгээс 60 жилийн өмнө 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан билээ.

Нэгэн жарны хугацаанд Монгол оронд эрдэм соёл түгэн дэлгэрч, дэлхийн түвшний шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр шимийг ард нийтээрээ хүртэж, эрдэмтэн судлаачдын цоо шинэ үе өсөн бойжиж, энэ бүхний үр дүнд Монгол орон цоо шинээр хөгжин дэвшсэнд Та бүхний оруулсан хувь нэмэр их билээ.

Өдгөө манай ШУА шинжлэх ухааны үндсэн салбар чиглэл бүрээр, онолын суурь судалгааны ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг 14 хүрээлэнтэй, 1200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, ажилчидтай болж, тулгамдсан асуудлыг судлан шинжилж шийдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэг, мэдээллээр баяжуулдаг олон улсад нэр хүндтэй байгууллага болон хөгжиж буйг Их чуулганы энэ хүндэт индрээс  бахархан  тэмдэглэж байна.

Эрдмийг эзэмшиж, эрдэм түгээж, эрдмийн шимээр эх орноо тэтгэсэн ахмад, дунд, залуу үеийн нийт эрдэмтэн судлаачдаа Монголын төр, ард түмэн ямагт дээдлэн хүндэлсээр ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна.       

Монгол Улсын Их Хурал  шинжлэх ухаан, технологийн салбарыг Монгол Улсын хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлд байнга анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

УИХ байгуулагдсан анхны бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 1996 онд салбарын анхны хууль болох Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь тохиолдлын хэрэг биш байв. Энэ бол нэг талаар Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ШУА-ийн оруулсан хувь нэмрийг үнэлсэн, нөгөө талаар бидний сонгосон шинэ нийгмийн тогтолцоонд шинжлэх ухаан тэргүүлэх байр суурьтай байна гэдгийг төрийн бодлогоор тодорхойлсон хэрэг байлаа.

Үүнээс хойш Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай, Инновацын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж байна.

Эдгээр баримт бичгүүдээр шинжлэх ухааны салбарынханд үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн ч шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед тэдгээрийг улам боловсронгуй болгох шаардлага урган гарч байна. Тиймээс Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хойшлуулшгүй зорилт болоод  байна.

Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Үндэсний инновацын тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт зэрэг олон чухал бодлогын баримт бичгүүд батлан хэрэгжүүлж байгаа. Манай улсад боломж, бодлог зорилт маш их бий. Үүнийг бодит ажил болгох хэрэгтэй байна.

Мөн Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хэмээх хоёр чухал институт бий болсон. Ийнхүү манай оронд эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагаа олон улсын түвшинд, орчин үеийн шинжлэх ухааны менежментийн дагуу хийгдэх орчин нөхцөл зохих хэмжээнд бүрдсэн.  

Технологийн 4-р хувьсгалын эрин үед ололт, амжилтаа бататгах, эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон шинэ технологийг ашиглан, дэлхийн түвшний өндөр технологийг нутагшуулах, оюуны багтаамж бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох Шинжлэх ухааны паркийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх нь чухал байна. Шинжлэх ухааны парк, технологийн гарааны бизнесийг дэмжих Инкубатор төв болон оновчтой санааг санхүүжүүлэх сангуудыг УИХ бодлогоор дэмжих болно.

Бидний амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой.

Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм.

Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давалгаанд татагдан  орж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Тийм боломж ч байхгүй. Манай ШУА энэ хувьсгалын оролцогч нь байж, үр дүнг ашиглах зорилгоор бүтэцдээ Математик, тоон технологийн хүрээлэнг байгуулсанд талархал илэрхийлье.

Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэ үйл ажиллагаанд ШУА, эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхтэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн энэ өдөр эрхэм хүндэт академичид, эрдэмтэн судлаач Та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд тань амжилт бүтээл, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

                                                  Эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай.


Бусад мэдээлэл