Хойд туйлын бүсэд 25 жил ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн монгол эрдэмтэн Будын Баасансүрэнгийн судалгаа, шинжилгээний ажлын ололт амжилт, эрдэм шинжилгээний бүтээл, аж амьдралын талаар Монголын шинжлэх ухааны академи, Монголын үндэсний түүхийн музей, Буган цааны үржүүлгийн холбоо хамтран "Хойд туйлын бүсэд-25 жил" үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
-Монголын оюунлаг эрдэмтдийн үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, хүн зоны эрүүл энх, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр Боловсрол, Эрүүл мэнд, ХАА-н шинжлэх ухааны салбарт шинэлэг нээлтүүдийг гаргасан ололт амжилтаар нь ийнхүү үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь хойч үеийн оюутан, судлаач, залуу эрдэмтдэд үнэ цэнэтэй материал болжээ.
-Тэрбээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эмхэтгэн 38 сэдэвт ном зохиол туурвиж, эрдэм шинжилгээний 89 өгүүлэл бичиж, гадаад дотоодын хэвлэл, сонин, мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтүүлсэн байна. Мөн дэлхийн 55 улсад зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлжээ. Эрдэм шинжилгээ судалгааны долоон бүтээлээ оюуны өмчийн газраар баталгаажуулж, зохиогчийн эрхийг нь эзэмшдэг.
-Эрдэмтэн Баасансүрэнгийн 35 жилийн турш шинжлэх ухааны салбарт хийж бүтээсэн их хөдөлмөрийг энэхэн хугацаанд дурдах боломжгүй юм.
Онцлон хэлбэл, өөр өөр газар, өөр өөр бүсэд амьдардаг цаа бугын биологийн болон экологийн харьцуулсан судалгааг морфологи, анатоми, гистологи, физиологийн талаас нь онцлон гүнзгийрүүлэн хийсэн нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд цоо шинэ хуудас нээжээ.