Цөмийн Туршилтыг Бүрэн Хориглох Гэрээний Байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Роберт Флойд Монгол Улсын Шинжлэх ухааны академид 10 дугаар сарын 24-ний өдөр айлчлав.
2000 онд Монгол Улсын Засгийн газар ЦТБХГБ-ын Бэлтгэл Комисстой хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан ба энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг Монгол улсын Шинжлэх ухааны Академи, түүний харьяа Одон орон, геофизикийн хүрээлэн хариуцан ажиллаж байна.
Энэхүү айлчлалын үеэр талууд олон улсын хяналтын байгууламжуудаас өндөр нарийвчлалтай мэдээллүүдийг хүлээн авах, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах, нарийн мэргэжлийн боловсон хүчин хамтран бэлтгэх, техник технологийн шинэчлэл хийх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг сайшааж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ЦТБХГБ-ийн төлөөлөгчдийн энэхүү айлчлал нь хоёр орны шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв.