Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЛТОГООТ- 2016 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
ХҮРЭЛТОГООТ- 2016 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан, их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 14-29-ний өдрүүдэд 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан, Сайдын зөвлөх Ж.Цолмон, Шинжлэх ухаан, технологи, бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөлөл, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Хурлын зорилго нь залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсарга судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх,судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршиж байв.

Энэ удаагийн "Хүрэлтогоот-2016" эрдэм шинжилгээний хурал анагаах, байгалийн ухаан, биологи, хөдөө аж ахуй, техник, технологи, геологи, газарзүй, нийгэм-эдийн засаг  гэсэн 6 салбар хуралдаанаар үргэлжиллээ. “Хүрэлтогоот-2016” семинарт нийт 400 орчим эрдэмтэн судлаачид оролцжээ. Түүнчлэн БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг олон улсын судалгааны хүрээлэн, их, дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид өргөнөөр оролцсон байна. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, гадаадад сурч буй судлаачдын эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 230 бүтээлийг 6 товхимол болгон хэвлүүлсэнээс 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлэв.


Салбар хуралдаануудаас шалгарсан 12 шилдэг залуу судлаач  БСШУС-ын Сайдын нэрэмжит Грантын эзэн боллоо. Үүнд:


Биологи, ХАА-н салбар хуралдаан /2016.10.14 /

1.    Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батболд “Mycoplasma agalactia-г рентген туяагаар идэвхгүйжүүлсэн дүн”

2.    Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн залуу судлаач Г.Балжинням “Монгол орны газар тариаланд хучлагатай тариалангийн технологийг нэвтрүүлэх боломж”

Техник,Технологийн салбар хуралдаан /2016.10.15/

1.      Pohang University of Science and Technology, докторант Б.Цолмонбаатар “Mөөгөнцөр ашиглан улаан замаг (Gelidiumamansii)-с агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж  авах”

2.       ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш, докторант Ц.Тэнгис “Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийн гэдрэг холбооны удирдлагын судалгаа”

Геологи газарзүйн салбар хуралдаан /2016.10.21/

1.      Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ажилтан Б.Сайнбуян “Газрын доройтол, цөлжилтийн нэгдсэн үнэлгээ”

2.      БНСУ-ын Мёнжи Их Сургуулийн судлаач оюутан С.Чинзориг “Цаг уурын өөрчлөлт болон газрын доорхи ус олборлолт Туул голын урсацад үзүүлэх нөлөөг SWAT болон MODFLOW загварыг ашиглан тодорхойлох”

Нийгэм, эдийн засгийн ухааны салбар хуралдаан /2016.10.22/

1.      МУИС-ийн докторант Б.Лхагвабаяр "Чин улсын сүүлч үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдууд болон Жибзундамба хутагт хоорондын харилцааны зарим асуудал"

2.      МУИС-ийн докторант Г.Гүнбилэг "Валютын ханшийн хөөсийг шалгах нь: Доллар-төгрөгийн жишээн дээр"

Анагаах ухааны салбар хуралдаан /2016.10.28/

1.      АШУҮИС, МАУОУС-ийн магистрант А.Ану “Туршилтын харханд Аллоксанаар өдөөсөн чихрийн шижин өвчний эмгэг загварын үед Жүр үр-4 тангийн цусан дахь глюкоз бууруулах үйлдлийг судалсан дүн”

2.      АШУҮИС, ЭЗБАС-ийн доктарант Н.Гиймаа “Трихомониазын үед хөөмөл эсийг идэвхжүүлэх дохио дамжуулагч молекулуудын үүрэг”

Байгалийн ухааны салбар хуралдаан /2016.10.29/

1.      Физик технологийн хүрээлэнгийн судлаач Ц.Банзрагч “Комплекс шингээлтийн потенциалын аргаар резонансын параметрийг тодорхойлох нь”

2.      Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаач Э.Батмагнай “Цахилгаан соронзон тандалын сигнал боловсруулалт арга”

“Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ жилээс жилд өсч, сайжирч байна. Цаашид “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хуралд монголоос олон улсад ажиллаж буй залуу судлаачдыш татан оролцуулах юм.



Монголын залуу эрдэмтдийн холбоо


 



Бусад мэдээлэл