Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ч.Дугаржавтай ярилцлаа.
-Хавар боллоо, удахгүй мод тарих ажил эхлэх нь. Та Шилийн Богд ууланд мод тарьж, ойн төгөл байгуулсан туршлагаасаа хуваалцана уу?
-Би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Манай нутаг байгалийн ялангуяа шилмүүст ой мод байхгүй. Тиймээс ой мод судлаач мэргэжил эзэмшсэний хувьд орон нутагтаа гэсэн шилмүүст ойн төгөл байгуулчихсан гэсэн сэтгэлийг оюутан цагаасаа эхлэн тээж явсан юм. 2001 оноос амралтаа тааруулж гэр бүл, хүүхдүүдийн хамт нутагтаа очихдоо Шилийн Богд ууланд мод тарьж эхэлсэн. Шилийн Богд уулын ар талын тогоон дотор жил бүр 1000-2000 гаруй 2-3 настай, 15-20 см өндөртэй тарьц, суулгацууд тарьж ойжуулсан. Энэ ажлыг бид 20 жил тасралтгүй хийж ирсэн юм. Нэг үгээр хэлбэл, гэр бүлийн хүчин зүтгэлээр тарьж ургуулж байгаа төгөл юм. Тэнд мод тарья гэж би улсаас, орон нутгаас ямар нэгэн дэмжлэг санхүүжилт аваагүй, өөрсдийн санаачилгаар, сэтгэлээрээ зүтгэсэн.
2020 онд тэнд судалгаа хийхэд 20 мянга гаруй нарс, шилмүүс, цагаан хус, гацуур, үхрийн нүд, далан хальс, үрэл гэхчлэн 5-6 зүйлийн сөөг ургаж байна. Хамгийн олон тоогоор тарьсан нь, шинэс, нарс бөгөөд өнөөдөр бүгд 20 гаруй настай, дээд тал нь долоон метр өндөр, дунджаар 3-4 метрийн өндөртэй төгөл үүссэн. Тэнд тарьсан моднуудад усалгаа, арчилгаа, тордлого хийгээгүй, тариад л орхичихсон. Мод, сөөг байгалийн аясаараа ургасан нь тэр.
Бид усалгаа, арчилгаа шаардахгүй шинэ аргыг туршсан, үүнийгээ эко-био-бүлгийн арга гэж нэрлээд байгаа. Дорнод Монголын хуурай бүсийн нам уулсад эко-био-бүлгээр мод таривал маш бага зардлаар тарьж ургуулж болдог гэдгийг туршиж, нөгөө талаар бодитоор нь харууллаа.
-Мэргэжлийн хүний хувьд монгол орны ойн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?
-Монгол орны ой мод 18.6 сая га газар нутгийг хамарч, түүний нийт нөөц 124 862 118 шоо метр байна. Харин ойрхог байдал нь 7.96 хувьтай байдаг.
Манай улс нэг хүнд ногдох ой модоор дэлхийд бараг эхний гуравдугаарт орох нөөцтэй. Гэвч нийт талбайн хэмжээтэй харьцуулах юм бол ойрхог чанараараа бага орны тоонд ордог.
-Судлаачдын зүгээс монгол орны ойг нөхөн сэргээхэд чиглэсэн ямар ажлууд явуулж ирсэн бол?
-Завхан аймгийн Тосонцэнгэлд, Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Хялганат, Орхон аймгийн Шарын голд байдаг ойн суурингуудад ажилласан. Тэнд ойн өсөлт хөгжилтийг судлахын зэрэгцээ түймэрт шатсан, мод огтолсон талбайг нөхөн сэргээх судалгааг явуулж, мод үржүүлгийн талбай байгуулан нарс, шилмүүст модны олон зуун тарьц, суулгацуудыг бид тарьж ургуулан түүгээрээ ойгүй болсон газруудыг ойжуулж, туршилтын нийлбэр дүнгээр 1000 гаруй га газрыг ой модтой болгосон. Үүнд манай шавь нар их идэвх зүтгэл гаргаж оролцсон. Надаас хойш ой судлалын салбарт миний шавь нар олноор төрөн гарсан. Шинжлэх ухааны доктор, академич Ч.Доржсүрэн миний шавь, түүнээс гадна 24 хүн боловсролын докторын зэрэг хамгаалсан, бүгд л ШУА-ийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ойн фитоценологийн лабораториос төрсөн эрдэмтэд.
Энэ лабораторийг 1984 онд ШУА, Ботаникийн хүрээлэнд миний бие санаачлан хамтарч байгуулсан. Түүнээс хойш манай баг, хамт олон тасралтгүй судалгаа хийж байна. Манай ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн монгол орны ой, хээрийн ургамал, нугын ургамал, цөлөрхөг хээрийн ургамал, цөлийн ургамалжилтыг судалдаг. Энэ судалгааны үр дүн, бусад байгууллагууд ялангуяа БОАЖЯ-ны Судалгаа, хөгжлийн төвийн мэдээлэл зэргээс харахад монгол орон сүүлийн 60-аад жилийн дотор цөлжих процесст нэрвэгдэж, үйл явц улам эрчимжиж байна гэсэн дүгнэлт гарсан.
Нэгдүгээрт, дэлхийн дулаарлаас ихээхэн шалтгаалж байна. Монгол орны олон жилийн цаг уурын мэдээллээс үзэхэд сүүлийн 60 гаруй жилийн дотор дулаарал +2 градусаар нэмэгдсэн. Энэ нь цөлжилт эрчимжиж байгаагийн нэг илрэл юм. Ботаникийн хүрээлэнгийн ургамал судлаачдын мэдээллээс үзэхэд ургамлан нөмрөг, түүний бүтэц бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдөж монгол орны цөл, цөлөрхөг хээрийн хойд хил нэлээд хойшилж, 60 жилийн өмнөх цөлөрхөг хээрийн бүс Өмнөговь аймгийн хойд хэсгээр байдаг байсан бол одоо ургамлын нөмрөг бүтцийн өөрчлөлтөөр Дундговь аймгийн нутгийг хамраад зогсохгүй Сэлэнгэ аймгийн зарим хэсгээр цөлжиж эхэлсэн.
Зарим нутгаар элс ихээр хуримтлагдсан. Говь Алтай аймгийн Хөх морьт сум болон Завхан аймгийн баруун талын зарим сумаар элс ихээхэн гарч, цөлийн ургамал их хэмжээгээр ургах болсон. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Уулбаян, Халзан сумын нутгийн ургамлан нөмрөг өөрчлөгдөж цөлийн ургамал ихээр ургах болжээ. Энэ бүхэн нь монгол оронд цөлжилт эрчимтэй явж байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудал ч бас байна.
-Тухайлбал?
-Манай орны мал сүрэг олноор өсч, өнгөрсөн жилийн мэдээгээр 67.1сая толгой мал тоологдсон. Малын тоо толгой хэт олширсноор бэлчээрийн даац хэтэрч цөлжилт үүсэж байна. Дээр нь автомашин олширч, засмал автозам олноор баригдахын сацуу хээр талаар ч шинээр зам гаргах нь ихэссэн гэдгийг судлаачид гаргаж тавьсан.
Өөр нэг асуудал бол гол горхины эх, худаг усны ойролцоох газар доройтолд орж, цөлжиж байна. Газар тариалангийн бүсэд газрыг тооцоо муутай хагалснаас цөлжилт газар авч байна. Уул уурхайн салбарт ашигт малтмалыг их олборлох болсон нь ой мод, бэлчээр нутгийг сүйтгэх боллоо. Сөргөөр нөлөөлж байгаа бас нэг зүйл нь түймэр. Хортон шавж олширсон нь цөлжих процесст нэрмээс болж байна. Ойд хортон шавж олширсон бол хээрийн бүсэд царцааны нүүдэл идэвхжиж, үлийн цагаан оготно олширсон.
Энэ бүгдээс үзэхэд хүний сөрөг нөлөө цөлжилтийг хурдасгаж байна. Ийм нөхцөлд цөлжилтөөс гарах үндсэн арга, гарц нь одоо байгаа ой модоо хамгаалах, нэмээд ойгүй болсон талбайгаа нөхөн сэргээх, цөлжсөн газруудын ургамлан нөмрөгийг сэргээж байгалийн төрхөнд нь оруулах явдал юм. Мод сөөг, ургамал тарих асуудлыг дэлхий нийтээрээ ярьж байна. Энэ бол олон улсын эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн аргын нэг юм.
Ийм үед Монгол Улсын Төрийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулган дээр олон санал санаачилга дэвшүүлсний нэг нь монгол орондоо 10 жилийн хугацаанд “Нэг тэрбум мод” тарьж ургуулна гэсэн уриалга байсан. Эрдэмтэн хүн, ялангуяа ой мод судлаачийн хувьд энэ уриалга дэлхий нийтийн, бүс нутгийн болоод үндэсний хэмжээний их ач холбогдолтой, цаг үеэ олсон түүхэн шийдвэр, томоохон үйлс боллоо гэж дүгнэдэг.
-Ач холбогдолынх нь хувьд юу гэж үзэж байна?
-Энэ бол дэлхийн дулаарал, цөлжилт, дээр нь хүлэмжийн хий ялгаруулах асуудлыг зогсооход үнэлж баршгүй ач тустай. НҮБ-аас 2021- 2030 оныг доройтсон экосистемийг нөхөн сэргээх 10 жилээр тунхагласан. Энэ хугацаанд доройтсон экосистемийг сэргээе гэсэн уриалгыг мөн гаргасан. Ерөнхийлөгчийн уриалга бол дэлхийн уриалгыг хэрэгжүүлэх салшгүй нэг хэсэг. Үндэсний хэмжээний ач холбогдол нь байгаль дэлхийгээ хамгаалах манай улсын үндэсний бодлого, баримт бичгүүдийг хэрэгжүүлэх шинэ боломж бий болгож байгаад оршино.
ӨГЛӨӨНИЙ СОНИН