“Монгол Улсын түүх” (30 боть) бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 11-р сарын 2-нд Монгол Улсын түүхийг 30 ботиор шинээр туурвих тухай зарлиг гаргажээ. Үүний үндэслэл нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын ард иргэдийн үндэсний ухамсар сэргэж, эх түүхээ судалж мэдэх, үнэн зөвөөр тодруулан тогтоон судлах эрдэм шинжилгээний бааз суурь, боловсон хүчний талаар нэлээд бэхжиж, Монголын түүхийн ээдрээтэй олон асуудлыг баримт нотолгоотой судалгааны онол арга зүйгээр үнэн зөв танин мэдэх боломж бүрдсэн хэмээн үзэж үндэсний хэмжээний түүхч эрдэмтдийг өргөн хүрээтэй хамруулж Монгол Улсын эртнээс эдүгээ хүртэлх бүрэн түүхийг олон ботиор, шинээр туурвиж, ард иргэдэд эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөх, Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажлыг эхлүүлжээ.
Дээрх зарлигийн дагуу 30 боть түүх зохиох ажлыг Монгол Улсын бүрэн түүхийг 1 боть (1954), 3 боть (1966-1968), 5 (2002) ботиор удаа дараа туурвин хэвлүүлж байсан уламжлал, туршлагыг харгалзан ШУА-д төвлөрүүлэн зохион байгуулахаар болж, өнгөрсөн оноос Редакцын зөвлөл байгуулан, бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа аж.
Өнөөдөр “Монгол Улсын түүх" (30 боть) бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Хурлын танхимд боллоо. “Монгол Улсын түүх” бүтээл нь Монголын нэн эртний түүхээс өнөөг хүртэлх цаг хугацааг хамрах бөгөөд Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10 боть, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10 боть, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 боть бичигдэхээр төлөвлөн бичиж байна.
Тус бүтээлийг туурвих эрдэмтдийн баг нь 150 шахам Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, Их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас академич-9, шинжлэх ухааны доктор (Sc.D)-19, доктор (Ph.D)-107, магистр-14 багтжээ. Нийт ШУА-аас 61, МУИС, МУБИС, СУИС, ШУТИС, ДХИС зэрэг их, дээд сургуулиудаас 45, музей, архив, тусгай чиг үүргийн байгууллагуудаас 26, чөлөөт судлаач 5 эрдэмтэн түүхчид оролцож байна. Мөн шаардлагатай зарим тохиолдолд хэл бичиг, хууль эрхзүй, олон улсын харилцаа, эдийн засаг, улс төр судлал, шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан зэрэг өөр салбарын эрдэмтэн судлаачийг холбогдох зүйлийн зохиогчоор оролцуулж буй ажээ.
Сүүлийн 20 гаруй жилийн турш явуулсан түүх, археологийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт, бүрэлдэн буй болсон боловсон хүчний нөөц бололцоонд тулгуурлан шинээр туурвиж буй тус 30 боть иж бүрэн бүтээл нь Монгол Улсын эртнээс эдүгээ хүртэлх түүхийг бүрэн хамрах агаад Монголын түүхийн маргаантай асуудлуудад шинжлэх ухааны үндэстэй хариулт, эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөхөөс гадна Монгол Улсын сүүлийн 30 гаруй жилийн түүх судлалын судалгааны үр дүнг бүрэн хамруулсан олон асуудалд хариу өгсөн үндэсний хэмжээний цогц бүтээл болох юм;
Бусад мэдээлэл