Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл” номын нээлт боллоо
“Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл”  номын нээлт боллоо

“Монгол нэр томьёо судлалын нэрт эрдэмтэн” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

 Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ойдовын Адьяагийн 70 насны ойд зориулсан энэхүү хурлын үеэр профессор О.Адьяагийн амьдрал, хөдөлмөр бүтээлийн тухай үндсэн 3 илтгэл хэлэлцэв. Үүнд:

 

1.    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор

(Ph.D), дэд профессор Э.Пүрэвжав. “Монгол нэр томьёо судлаач Ойдовын Адьяа”

2.    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр. “Хэл шинжлэлийн “шинэ салбар”-ыг хөгжүүлэгч”  

3.    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА,

доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа. “Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн”

    Эрдэм шинжилгээний хурлын үеэр О.Адьяагийн 40 гаруй жилийн хугацаанд бичиж туурвисан олон арван бүтээлүүдийн дотроос нэр томьёо судлал, хэлний тухай төрийн бодлого, толь бичиг болон орчуулгын онол, практикийн тухай асуудлаар бичиж нийтлүүлсэн гуч орчим өгүүллийг дээжлэн авч, эмхэтгэсэн “Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл” хэмээх номын нээлт боллоо. 

   О.Адьяа  нь Монгол улсын ШУА-д секторын эрхлэгч, Нийгмийн ухааны салбарын нарийн бичгийн дарга зэрэг албыг арав гаруй жил хаших хугацаандаа хэл шинжлэлийн онолын холбогдолтой ганц сэдэвт зохиол бичиж, хамтын томоохон бүтээлүүдэд оролцож, нэр томьёо судлалын чиглэлээр олон өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Тэрбээр орчин үеийн боловсрол-шинжлэх ухаан, техник-технологи, соёл урлаг зэрэг өргөн хүрээтэй баялаг мэдээллийг агуулж буй орос хэлний гүнзгий мэдлэг дээрээ тулгуурлан үгсийн сан, нэр томьёоны чиглэлээр судалгаа хийж, “Сопоставительное структурно-семантическое описание русской и монгольской терминологий” /Орос, монгол нэр томьёоны бүтэц-утга зүйн зэрэгцүүлсэн судалгаа/ (2000), “Русские субстантивные словосочетания через призму монгольского языка” /Орос хэлний нийлэмж үгийг монгол хэлний үүднээс авч үзэх нь/ (2010), “Сопоставительной терминоведение” /Xарьцуулсан нэр томьёо судлал/ (2011) зэрэг ганц сэдэвт зохиолууддаа орос, монгол хэлний хэлний нэр томьёо болон нийлэмж үгсийг зэрэгцүүлэн судлаад, тэдгээрийн бүтэц ба утга зүйн адил төстэй болон ялгаа зөрөөтэй талыг тодорхойлон гаргасан нь хоёр хэлний зэрэгцүүлсэн судалгаа төдийгүй, орчуулга болон сургалтын практик хэрэглээнд чухал ач холбогдолтой судалгаа болсоор байна.

Тэрээр монгол улсад зэрэгцүүлсэн хэл шинжлэл, орос хэл судлал, орчуулгын онол, монгол нэр томьёо судлалыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсан тоотой хэдхэн эрдэмтний тоонд зүй ёсоор багтдаг судлаач билээ. Ялангуяа монгол нэр томьёоны судлалыг өөрийн бүтээж туурвисан онолын судалгаагаараа болон нэр томьёоны практик үйл ажиллагаагаараа хөгжүүлж, хэрэглээний хэл шинжлэлийн шинэ салбарыг Монгол улсад хөгжүүлсэн гавьяатай эрдэмтэн юм.   О.Адьяа залуучуудад хандан хэлэхдээ “Эх хэлээ сайн мэдэхгүйгээр гадаад хэлийг гайгүй сурна гэдэг санасны гарз. Гадаад хэлийг сурна гэдэг нь тухайн хэлээр дамжуулан хэлийг нь үзэж байгаа орны үүх түүх, утга соёл, ард түмний нь аж төрөл, ахуй байдал, ажил үйлс, зан заншил, ёс уламжлалыг үзэн судалж, түүнийг илэрхийлдэг хэлтэй нь хамт мэддэг болно гэсэн үг” гэж сургамжлан захидаг аж.

  


Бусад мэдээлэл