Монгол Улсын төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Батболдын Энхтүвшин 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Б.Энхтүвшин 1952 онд Архангай аймгийн Тариат сумын Сүүл толгой хэмээх газар төржээ. Тэрбээр 1974 онд МУИС-ийг Статистикийн мэргэжлээр төгсөж, 1982 онд Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуулийн аспирантурт суралцаж дүүргэжээ.
Тэрбээр 1974-1975 онд МУИС-д багш, 1975-1983 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1984-1986 онд Ардын боловсролын яамны орлогч сайд, 1987-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, 1990-1992 онд Ардын Боловсролын яамны Тэргүүн дэд сайд, 1992-1994 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ерөнхий захирал, 1994-1996 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 1998 оноос ЮНЕСКО-ийн Нүүдлийн соёл, иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн захирал, 2005-2008 онд БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, 1996-2009 онд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, 2009 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.
Б.Энхтүвшин 1982 онд “Дээд боловсролын статистик судалгаа, прогнозчилол” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, 1991 онд “БНМАУ-ын боловсролын тогтолцооны статистик судалгааны арга зүй” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг ОХУ-ын Москвагийн Эдийн засаг, статистикийн их сургуулийн Эрдмийн зөвлөлд тус тус хамгаалж, 1992 онд профессор цол хүртэж, 1999 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн – академичаар сонгогджээ.
Б.Энхтүвшин 1991 оноос БНМАУ-д Боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлал, БНМАУ-ын Боловсролын хууль, 1993 оноос Монгол улсын боловсролын салбарын секторын судалгаа, Боловсролын мастер төлөвлөгөө, Шинжлэх ухааны мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг ахалж, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны үндэсний зөвлөл, Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөл, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулж, Монгол улсын боловсрол, шинжлэх ухааныг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, олон улсын боловсролын хөгжлийн нийтлэг жишигт нийцүүлэх ажлыг удирдаж хэрэгжүүлсэн юм.
Тэрээр Монгол улсад боловсрол судлалын шинэ чиглэл болох боловсролын эдийн засаг, менежментийн онол, арга зүйн үндэс суурийг тавьж, өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг 1979 оноос гүйцэтгэсэн юм. Мөн иргэншил судлалын шавь сургуулийн үндсийг Монгол Улсад анхлан тавьж, Нүүдлийн соёл, иргэншил судлалын олон улсын хүрээлэн, Шинэ иргэншил дээд сургуулийг үүсгэн байгуулж, боловсролын эдийн засаг, менежментийн онол арга зүйн үндсийг боловсруулах, харьцуулсан иргэншил судлалын онолын шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлсэн билээ. Түүний боловсролын судалгаа, иргэншил судлал, нүүдэлчдийн төр ёсны уламжлал, иргэншил харьцуулсан судалгааны асуудлаар туурвисан бүтээлүүдийг эрдэмтэд, мэргэжилтнүүд өндөр үнэлдэг билээ.
Академич Б.Энхтүвшин олон арван бүтээл хэвлүүлсний 20 гаруй нь ном, сурах бичиг болон хэрэглэгдэж байна. Хамгийн сүүлд Монголын боловсрол, иргэншил судлал цуврал бүтээлийг туурвиж түмэн олондоо өргөн барьсан билээ.
Монгол Улсын шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн номлолыг удирдан боловсруулж дуусган Академийнхаа их чуулганаар хэлэлцүүлж, улмаар Монгол Улсын Их хурал, Засгийн Газартаа өргөн барихаар ажиллаж байлаа.
Академич Б.Энхтүвшин Монгол улсын Шинжлэх ухааны Академийн судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчнээр хангах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааныг амьдралд нэвтрүүлэхэд онцгой анхааран ажиллаж салбарын яамд, орон нутгийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх бодлогод туслах, ШУА-ийн хүрээлэнгүүд, их, дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулж ирсэн монголын шинжлэх ухааны шилдэг зохион байгуулагч эрдэмтэн байв.
Академич Б.Энхтүвшин ЮНЕСКО-ийн Азийн бүсийн боловсролын зөвлөлийн гишүүн, Дээд боловсролын олон улсын Академийн гишүүн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсрол судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Боловсрол судлал, сэтгэл судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Боловсрол судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Монголын багш нарын холбооны анхны ерөнхийлөгч, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, ЗХУ, ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбооны ерөнхийлөгч, Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн зан үйлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн их сургуулийн хүндэт доктор, БНСУ-ын Данкукийн их сургуулийн хүндэт доктор зэрэг нэр хүндтэй олон нийгэмлэг, мэргэжлийн зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээн ажиллаж байлаа.
Академич Б.Энхтүвшингийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 2006 онд “Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртээж, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ойн медалиудаар шагнажээ. Мөн ОХУ-ын Буриад улс “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоо 2006 онд хүртээжээ.
Түүний ажилч хичээнгүй, шударга, туйлбартай зан чанар, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, бусдад тавих анхаарал халамж, нөхөрсөг хүнлэг, энгийн элэгсэг харилцаа, гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧИД
ЭРДМИЙН ХАМТ ОЛОН