Монгол улсын ШУА, Үндэсний хөгжлийн газар хамтран Хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын хүрээнд эдийн засгийн салбаруудын орон зайн төлөвлөлтийн 90 орчим судалгааны ажлыг хийх, 60 орчим хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах ажлыг эхлүүллээ.
Улмаар хоёр тал “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг өнөөдөр /2017.09.01/ байгууллаа. Санамж бичигт ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нар гарын үсэг зурав.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ, “Юуны өмнө ҮХГ-аас санаачлан эрдэмтэн судлаачид бидэнтэй ийнхүү хамтран ажиллахаар болсонд талархаж буйгаа илэрхийлье. ШУА-ийн хувьд шинжлэх ухаан, технологи төдийгүй улс орны хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудтай сүүлийн 4,5 жилийн турш идэвхтэй хамтран ажиллаж ирлээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх асуудал 2000 онд эхлээд 2008, 2009 оноос хойш тасарсан байдаг. Бид хамтран ажилласнаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх ажилд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгааны ажлуудыг зохион байгуулж, түүний үндсэн дээр “Бүсчилсэн хөгжлийн олон улсын онол практикийн бага хурал”-ыг Монгол улсад ирэх оны эхээр зохион байгуулахаар болсон юм.
Үүнээс гадна “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн дагуу энэ онд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүдийн орон зайн төлөвлөлтийн талаарх саналыг авч нэгтгэн түүнд үндэслэн холбогдох судалгааны ажлуудыг боловсруулж, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг салбар тус бүрээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулахаар тохиролцов.
Үндэсний хөгжлийн газрын зүгээс хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ШУА-ийн эрдэмтэн судлаачдыг өргөнөөр хамруулж, хийсэн судалгааны ажилд үндсэлэн шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэн бүрт хүрсэн төлөвлөлт хийхийг зорьж байгаа аж.