Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Киргиз Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Айбек Артыкбайг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд академич С.Дэмбэрэл хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа, өнөөгийн түвшин, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулаад хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлэхэд шинэхэн байгуулагдсан элчин сайдын яамыг ойр дотно хамтран ажиллахыг уриалав.
Элчин сайд, ноён Айбек Артыкбай цаг гарган хүлээн авч, уулзаж буй ШУА-ийн ерөнхийлөгчид талархал илэрхийлэн хоёр улсын найрсаг харилцааны нэгэн хэлбэр болсон эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өөрийн зүгээс ямагт дэмжихээ илэрхийлж хэд хэдэн асуудлыг онцлов.
Нэг дүгээрт Киргизийн үндэсний шинжлэх ухааны Академи болон Монгол улсын ШУА хооронд 2019 онд байгуулсан хэлэлцээрийн хугацаа дууссан тул түүнийг сунгаж албажуулах, Хоёр дугаарт хоёр орны түүх, археологийн салбарт илүү нягт хамтран ажиллах, Гурав дугаарт нь Хяргас нууртай холбоотой тэр орчинд амьдарч байсан Киргизийн ард түмэнтэй холбоотой олдворууд, болон хиргисүүр, Киргиз Каганатын асуудлаар дэлгэрүүлэн судлах, үүнд Киргизийн засгийн газраас анхаарч, хамтарсан судалгаа хийхийг дэмжиж байгааг онцлов.
Эцэст нь ШУА-ийн Ерөнхийлөгч Дэмбэрэлийн санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдуудыг шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газарт урьж лекц уншуулах урилгыг Элчин сайдад тавьж тэрээр урилгыг баяртайгаар хүлээн авч анхных нь болж лекц уншихдаа тун таатай байхаа илэрхийллээ.