Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ  ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутагт “Эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв” байгуулагдлаа. Тус төв нь Монгол улс-БНХАУлсын засгийн газар хоорондын хамтарсан  “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төслийн хүрээнд байгуулагджээ. 

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Уртнасангаар удирдуулсан уг төслийг  2018 оноос ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөр монголын Багшийн Их сургууль, Тариалан Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү судалгааны төвийн үйл ажиллгаа, төслийн үр дүнтэй  Соёлын сайд С.Чулуун, Байгаль Орчин Аялал Жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн А.Анандбазар, Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагууд саяхан танилцаад иржээ. 

Энэхүү төслийн үр дүнд  зайнаас тандах аргаар Монгол орны бэлчээрийн талхагдлын зэрэг,  газрын доройтол болон түүний тархалтыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох юм. Түүнчлэн хахир-хүйтэн өвөл, хуурай-халуун зун бүхий эрс тэс уур амьсгалтай, харилцан адилгүй ландшафт-газарзүйн нөхцөлд тохирсон бэлчээрийг нөхөн сэргээх технологийг нутагшуулах, олон наст, үет буурцагт ургамлын нутгийн болон нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой юм.

Тус төслийн дагуу 2018 оны 4-р сард Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг сумдын нутагт судалгааны туршилтын талбайг сонгож, эдгээр 3 сумдаас малын тоо толгой ихтэй төдийгүй бэлчээрийн даац хэтэрсэн Гурванбулаг сумын Авзага багийн нутагт орших Хэвтээгийн ар гэх газрыг сонгон авч туршилт судалгаа явуулж эхэлжээ.





 

Энэ судалгааны үеэр Булган аймгийн бэлчээрийн доройтлыг зайнаас тандах аргаар тооцохдоо Хуурайшлын индекс, Ургамлын нормчлогдсон индекс, Хур борооны бүтээмжит байдлын индекс, Хүний хүчин зүйлийн нөлөөллийн индекс зэргийг тооцон үзсэн байна.  

Уг тооцоолсон судалгааны үр дүнгээс үзвэл 2006 онд нийт газар нутгийн 83.8 хувь, 2014 онд 69.2 хувь, 2019 онд 54.1 хувьд доройтол илрээгүй байна.  Харин 2006 онд 14.2 хувь нь сул доройтсон байсан бол 2019 онд 25.5 хувь болж өссөн байна.  Дунд зэрэг доройтсон газар 2006 онд 1.69 хувь байсан бол 2014 онд 5.26 хувиар 2019 онд 9.01 хувиар өсөж нийт газар нутгийн 10.7 хувьд хүрсэн нь доройтол хүчтэй явагдаж байгааг харуулж байна. Хүчтэй доройтсон газар 2006 онд нийт газар нутгийн 0.32 хувийг эзэлж байсан бол 2019 онд 9.7 хувь болж өссөн тооцоо гарчээ.  

Энэ нь төр засгаас бэлчээрийн доройтлыг бууруулах арга хэмжээг бодлогын түвшинд илүү өргөн хүрээтэй явуулах шаардлагатайг илтгэж байна. Тооцоолсон доройтлын зэргийг сумдаар авч үзвэл Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумдад доройтол эрчимтэй явагдаж байна.


БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТЛЫГ ЗАЙНААС ТАНДАХ АРГААР ТООЦООЛСОН СУДАЛГААНЫ ҮР ДҮН


Тус суурин судалгааны төв байгуулагдснаар гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид тав тухтай ажиллах бололцоо бүрдэж байна. Мөн гадаад болон дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй шинээр хамтран ажиллах, малчид болон иргэдэд бэлчээр ашиглалт, ургамлын талаар мэдээлэл, мэдлэг өгөх боломж нээгдэж байгаа юм. Энэ суурин судалгааны төв нь жил бүр 4-р сараас 10-р сарыг дуустал байнгын үйл ажиллагаатай байх аж.


Бусад мэдээлэл