Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БУДДЫН СУДЛАЛЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
БУДДЫН СУДЛАЛЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын буддын судлалын хүрээлэн ТББ хамтран Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.

 Хурлын нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, академич Д.Төмөртогоо нар оролцов. Хурлыг нээж ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж хэлсэн үгэндээ: “Академич Г.Лувсанцэрэн монголын Буддын судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх хугацаандаа эрдэм шинжилгээний ажлын өндөр мэдлэг чадвар, асар их туршлагатай эрдэмтний хувиар буддын философи, монголын философийн түүхэнд холбогдох судалгаа шинжилгээний ажлыг төвлөрүүлэн зангидаж, удирдан зохион байгуулж, гардан гүйцэтгэж ирсэн юм. Түүний санаачилга, дэмжлэгээр хэрэгжүүлсэн эрдэм судлалын ажлын хүрээнд монголын буддын философийн онолын эх сурвалжийг тодруулах, эртний энэтхэг төвдийн мэргэдийн зава шастируудыг орчуулах, хөрвүүлэх, мөн монгол сэтгэгчдийн үзэл баримтлалыг нягтлан шинжлэх, тэдний төвд хэлээр бичсэн ном бүтээлээс орчуулж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зэрэг өмнө нь эхлэлийн шинжтэй байсан судалгааны ажлууд амжилттай явагдаж эдүгээ залгамжлан үргэлжилж байгаа”-г онцолсон юм.

Эрдэм шинжилгээний хурлаар ШУА-ийн Философийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Соёл урлаг судлалын хүрээлэн, Богд хааны ордон музейн эрдэмтэн судлаачид “Монголын бурхны шашин дахь багш, шавийн барилдлага”, “Монголын буддын сэтгэгчдийн намтар зохиолын өнөөгийн чиг хандлага”, “Хамба номун хан Агваанхайдавын нэгэн зохиолын тайлбарын асуудалд”, “Монголын Буддын соёлын биет өвийн өнөөгийн байдал (Богд хааны ордон музейн үзмэрүүдийн жишээн дээр)”, “Цагадайн удмын хаад ба буддын шашин”, “Орчин үед Буддын шашны нэр томьёоны тайлбар толь зохиох аргазүйн асуудалд”, “Монголын Буддизмын дахин сэргэлт: түүх, уламжлал ба судлал шинжлэлийн уг сурвалж”, “Иргэний болон шашны боловсрол, судалгаан дахь Буддын гүн ухаан судлалын арга зүйн онцлог”, “Академич Г.Лувсанцэрэн ба Буддын судлалын үзэл баримтлал” зэрэг сэдвээр 20 орчим илтгэл хэлэлцүүлсэн юм.


 



Бусад мэдээлэл