ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнд пи тооны өдрийг 3-р сарын 14-ний өдөр 3 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүллээ. Пи тооны гайхамшиг нь алгебр, геометр, математик анализ, комплекс(хуурмаг) тоо гэсэн математикийн ухааны 4 том салбарыг нэг цэг дээр огтлолцуулж гарч ирдэг шинж чанарт нь оршино. Тийм ч учраас энэ тоо шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт, техник технологийн өвөрмөц шийдэлд, урлаг соёлын бүтээлд, хүн байгалийн үзэгдэл процесст олонтоо тааралдаж байдаг нь аргагүй юм. Цаашдаа ч пи тооны энгийн бөгөөд нууцлаг, эдийн болоод сүнслэг чанар олон олон зүйлд шинээр нээгдэж хүн төрөлхтөнд математикийн шинжлэх ухааны гоо сайхныг мэдрүүлж байх нь гарцаагүй ээ.
Үүнийг тус өдөрлөгт тавьж хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаач Л.Сарантуяа, Ц.Банзрагч, Б.Дүүрэнбуян, Б.Мөнхзаяа нарын илтгэлүүд тодорхой харууллаа.
Өдөрлөгт оролцогчдын анхаарлыг татсан бас нэг зүйл нь пи тооны баярт зориулж зарласан математикийн бодлогын уралдаант тэмцээний шалгаруулалт, түүний бүрэн хэмжээний бодолтыг тайлбарлаж өгсөн хэсэг байлаа. Энд хоёр бодлого тавигдсан байсан бөгөөд үүний нэг нь банкны хадгаламжийн хүүг яаж зарцуулбал хамгийн их ашигтай байхыг асуусан бол нөгөө нь бодит тоон талбарт үүссэн парадоксыг комплекс (хуурмаг) тоон талбарт шилжиж шийдвэрлэх бодлого байлаа. Энэ тэмцээнд Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, залуу судлаач Ц.Банзрагч, Л.Эрдэнэбулган, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан З.Лхамжав нар шалгарч хүрээлэнгийн өсөх ирээдүйтэй математикчаар тодорч өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.
Пи тооны өдөрт хүрэлцэн ирсэн тоонд хорхойтой 40 гаруй хүнийг хамарсан математик сэтгэлгээний хөгжөөнт бодлогын тэмцээн сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа. Бодлогын (хүнд, хөнгөн нийт 30 гаруй бодлого шүү!) тавилт, бодох хугацааг тоолоход компьютерийн технологи ашигласан нь инновацлаг байлаа. Шүүгчид тэмцээний дүнг гаргахад авсан онооныхоо тоогоор Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын залуу судлаач Л.Эрдэнэбулган 1-р байр, Т.Тулгаа 2-р байр, Г.Оюунжаргал 3-р байр тус тус эзэлж сэтгэлгээний цар хүрээний хурд, хүчээрээ үе тэнгийнхнээсээ илүү гэдгээ харуулав.
Төгсгөлд нь серийн дугаар нь 314-өөр эхэлсэн болон төгссөн мөнгөн тэмдэгтийг эрж олох үйл ажиллагаа явагдлаа. Энэ тэмцээнийг 2 хоногийн өмнө зарласан бөгөөд хүрээлэнгийн ЭША-нуудаас гадна үйлчилгээний ажилчид оролцож өөрсдийн хөдөлмөрөө үнэлүүллээ. Ийм мөнгөн дэвсгэрт нийт 22 ширхэг олдлоо. Харин дараагийн нэг орон нэмэгдсэн 3141 гэсэн дугаартай мөнгөн дэвсгэрт ердөө 3 ширхэг олдов. Түүний эзэн нь Биофизикийн салбарын ЭША Х.Билгүүн, Материал судлалын салбарын ахмад эрдэмтэн Ш.Чадраабал, ЭША Л.Сарантуяа нар байв. Пи тооны тав, зургаан орон нь тохирсон мөнгөн дэвсгэрт өгөгдсөн 2 хоногт олдоогүй байна.
Ийнхүү пи тооны өдөр буюу 3-р сарын 14 өдөр ФТХ хамт олон математикаар хөглөгдсөн, математикийн ухааны яруу тансаг, гоо сайхныг дахин нэг мэдэрсэн мартагдашгүй сайхан өдөр болж өнгөрлөө.
Х.Цоохүү