ШУА-иас 2020 онд хийж
хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар
танилцуулж байна. Энэ удаа Математик тоон технологийн хүрээлэнгийн
эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ
МОНИТОРИНГИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Практик хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа “Цахилгаан эрчим хүчний хэрэглээний мониторингийн систем” нь түгээх сүлжээнд холбогдсон айл өрх, албан байгууллагуудын эрчим хүчний хэрэглээний мэдээллүүдийг алсын зайнаас хүний шууд оролцоогүй цуглуулан авах, эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болон залгах үйлдлийг хямд өртөг зардлаар алсын зайнаас хийх боломжтой автомат хяналт, удирдлагын систем юм.
Системийн архитектур
Туршилтын программ хангамж
Системийн онцлог, давуу тал нь айл өрхүүдэд одоо ашиглагдаж байгаа 150,000 орчим электрон тоолууруудыг солилгүйгээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний түгээх шугам сүлжээг автоматжуулж, зайнаас бага зардлаар хянах, удирдах юм. Эдгээр тоолуурууд нь монгол орны байгаль цаг уурын орчин нөхцөлд туршигдсан, найдвартай ажиллагаатай, хямд өртөгтэй тул техник тоноглолын ашиглалтын үр ашиг нэмэгдэх, системийн нэвтрүүлэх анхны зардал хэмнэгдэх, ашиглалт үйлчилгээний зардал багасах зэрэг олон давуу талтай. Ашиглалтын зардал багатай мэдээлэл дамжуулах сувагчлалыг сонгон судалж, системд нэвтрүүлэхээр туршилтуудыг хийж байна. Ингэснээр систем ашиглалтын үед гарах мэдээлэл солилцох зардлыг багасгах давуу талтай.
ТООЦООЛОХ ТӨВ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛЭЭД БАЙНА
Шинжлэх ухааны салбарын дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд МТТХ -нд Тооцоолох төв байгуулах ажлыг эхлээд байна. Энэ ажлын хүрээнд 2019 оны 9 сард Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтаас 96 сая төгрөгийн (2 343 080 рубль) өртөг бүхий өндөр хүчин чадалтай FUJITSU брэндийн сервер компьютер хүлээлгэж өглөө. Тус сервер нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай NVIDIA V100 график процессор, 64 сувагтай төв процессор, 192GB санах ой, 1.2TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогджээ. Хэрэглэгчийн файл системд зориулан 40TB багтаамжтай файл серверийг тус хүрээлэнгээс нэмэлтээр холбоод байна. Мөн бодлого хуваарилах болон хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг тооцоолох төвд шаардлагатай системүүдийн тохиргоо хийгдсэн болно.
2020 онд ШУА-ийн 85 сая төгрөгийн санхүүжилтээр 2 ширхэг DELL брэндийн Power Edge R740 сервер компьютероор хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. Тус сервер нь өндөр хүчин чадал бүхий 96 сувагтай төв процессор, 320GB санах ой, 1.5TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон.
Одоогоор тус серверт их энерги, материал судлал, молекулын динамик загварчлал, уургийн бүтэц, загварчлалын чиглэлийн програм хангамжуудыг суулгасан бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай програм хангамжуудыг нэмэлтээр суулгаж судалгааны ажилд ашиглах боломжтой.
Ингэснээр манай улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудад хийгдэж буй судалгааны ажлуудын тооцооллыг хийх бүрэн боломж бий болж эхэлж байна
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ
ПРОЦЕССЫГ ЗАГВАРЧИЛЛАА
Туршилтыг төлөвлөх онолын шинэ хандлагыг боловсруулж Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах процессыг загварчлан, оновчтой удирдлагын программ хангамжийг бий болгосноор металл авалтын хэмжээг өмнө байснаас нэмэгдүүлж, урвалжуудын хэрэглээг багасгаж чадлаа. Үүний үр дүнд зөвхөн 2020 оны 2-3 дугаар сард 480,0 сая төгрөгийн зардлын хэмнэлт гарсан байна гэж үйлдвэрийн зүгээс тооцжээ.