ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр /2022.03.03/ хуралдаж ШУА-ийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Чуулганыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ
“Ковид-19 цар тахал болон бусад янз бүрийн учир
шалтгааны улмаас улмаас ШУА-ийн Их чуулган биеэрээ цуглаж хуралдахгүй нэлээд
хугацаа өнгөрлөө. 2021
он бол Монгол улсын шинжлэх ухаан тэр дундаа ШУА-ийн түүхэнд онцгой ойнууд
тохиосон жил болж өнгөрч байна. 2021 онд орчин үеийн шинжлэх ухааны байгууллага
үүсэн хөгжсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол
гарч тэр тогтоолын дагуу цуврал олон
арга хэмжээг явуулж бид 100 жилийнхээ их ойг тэмдэглэлээ. Мөн түүнчлэн ШУА-ийн
60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн Их чуулганаа хуралдуулж хэлэлцүүлж холбогдох
шийдвэрүүдээ гаргалаа. Энэ 100 жилдээ манай эрдэмтэд тэр дундаа манай академич нар
ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар томоохон бэлэг барилаа. Тухайлбал, “Монгол
улсын шинжлэх ухааны түүх” хэмээх 5 боть бүтээлийг хэвлүүлж нийтийн хүртээл
болголоо. “Шинжлэх ухааны хроник-100” хэмээх 100 жилийн гол үйл явдлыг товчоолон
эмхтгэсэн номыг монгол, англи хэл дээр хэвлүүлж олон нийтийн хүртээл болгож
байна. Академичид маань олон томоохон
бүтээлийг хэвлүүлэн гаргаж 100, 60 жилийн ойдоо бэлэг барилаа. Академич
С.Нарангэрэл “Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-ийг гаргалаа.
Академич Т.Дорж, А.Бакей, доктор
Б.Батхишиг нар “Эдийн
засгийн дэлгэрэнгүй тайлбар толь бичиг”-ийг гаргалаа. Академич Д.Цэрэнсодном “Ардын
уран зохиол, хэл бичгийн томоохон эмхтгэл” бүтээлээ гаргалаа. Энэ мэт бүтээл туурвилаараа ойдоо
бэлэг барьсан бүх эрдэмтэд, академич
нартаа баяр хүргэе. Их ойг Монгол улсын төр засгаас анхааран хүндэтгэж олон
чухал арга хэмжээ авсны нэг бол сүүлийн 30 жилийн шагналын нийлбэртэй дүйцэхүйц
хэмжээний төрийн өндөр, дээд шагналуудыг манай академич нарт хүртээлээ. Тодруулбал, Монгол улсын хөдөлмөрийн баатар
цолоор 2, Төрийн шагналаар 2, Ардын багш
6, Ардын эмч 1, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор 6 академичийг, нэг эрдэмтнийг “Чингис хаан” одонгоор тус тус шагнажээ. Ингэж шагналын хур буусан явдал бол манай эрдэмтдийн, академичдын хөдөлмөр бүтээлийг төр
засаг өндөр үнэлж эрдэмтэддээ итгэж, найдаж байгаагаа харуулсан хэрэг боллоо
гэж харж байна.
2021 онд ШУА-ийн үндсэн
үйл ажиллагаа хэвийн, төлөвлөгөө журмын дагуу явж ирсэн. Үүний хажуугаар улсын төсвөөр шинжлэх ухааны салбар оршин
тогтноход хүнд байгаа энэ цаг үед төсвийн бус эх үүсвэрийг бий болгох талаар нэлээд
хичээж ажиллаа. Үүний нэг томоохон хэсэг бол үйлдвэр бизнесийн салбарын
томчуудтай холбоо хэлхээ тогтоож ажиллах эхлэл тавигдлаа. Энэ чиглэлээр хийсэн
ажлынхаа тайланг гаргаж үзлээ. Цаашдаа энэ чиглэлийн үйл ажиллагааг
үргэжлүүлээд явахад Монгол улсын хөжилд шинжлэх ухааны хөгжилд үр ашигтай юм байна гэдгийг бид олж
хараад байгаа юм.
Мөн дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтрах тал дээр чармайн ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг салбарын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн үр дүнд бодит хамтын ажиллагаа их байх болов уу. Монгол улсын шинжлэх ухааны ойрын ирээдүйг гэгээлгээр харж байна” гэсэн юм.
Үүний дараагаар ШУА-ийн эрдэмтэн нарийн
бичгийн дарга Б.Авид “ШУА-ийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл
ажиллагааны тайлан” илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Тайланд
2021 оны онцлох ажил, түүний үр дүнгийн талаар тусгаж дараах байдлаар товч
дүгнэжээ. Үүнд:
·
Монгол Улсад
орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Шинжлэх
Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гаргуулж, төлөвлөгөөний дагуу манай
эрдэмтэн, судлаачид олон тооны ажил хэрэгч, бүтээлч санаачилга өрнүүлэн амжилт
бүтээл арвинтайгаар түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
·
ШУА-ийн
харьяа хүрээлэнгүүдэд нийт суурь судалгааны төсөл 54, шинжлэх ухаан,
технологийн төсөл 8, улсын захиалгат төсөл 33, инновацын төсөл 3, гадаадтай
хамтарсан 87 төсөл, грант төсөл 24, нийт 209 төсөл хэрэгжиж байгаагаас 88 нь
2021 онд дууссан байна.
·
Дээрх судалгааны хүрээнд ном,
нэг сэдэвт болон хамтын бүтээл 196, эрдэм шинжилгээний өгүүлэл 871 (гадаадад
373, скопуст бүртгэлтэй сэтгүүлд 146), эрдэм шинжилгээний илтгэл 913 (гадаадад
318), нийт 1980 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнчлэн шинжлэх ухааны
хялбаршуулсан ном 40, нийтлэл, өгүүлэл 171, лекц 161, патент 8, технологийн
загвар 11, стандарт 23, ТЭЗҮ 6, аргачлал, гарын авлага 17, зөвлөмж 22, ашигтай
загвар 5, зураг, каталог 61, авран хамгаалах 166, хээрийн судалгааны тайлан 40,
социологийн тайлан 3-ыг гаргасан байна.
·
Өнгөрсөн 2 жилд шинээр төслийн сонгон шалгаруулалт
хийгдээгүй, цар тахлын нөхцөл байдлын улмаас санхүүжилт туйлын хангалтгүй
байсан зэрэг нь эрдэм шинжилгээний бүтээлийн тоонд одоогоор төдийлөн
мэдэгдээгүй байна. Энэ нь нэг талаас хамтын ажиллагаатай холбоотой, нөгөө
талаас магадгүй ойрын жилүүдэд мэдэгдэх гэж үзэж байна.
· ШУА-ийн 2020 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон харьяа хүрээлэнгүүдийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ авсан болно....хэмээн товч дүгнэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ШУА-ийн гишүүд асуулт тавьж, санал шүүмжлэл өрнүүлэв.
Чуулганы төгсгөлд 2021 онд төрийн одон медалиар шагнуулсан бүх академич нарт хүндэтгэл үзүүлж ШУА-иас олгодог “Бидний бахархал“ өргөмжлөлийг гардуулж өглөө.