Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ, ИРАНЫ ЭРТ ЭДҮГЭЭГИЙН ХАРИЛЦААГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИРАНЫ ЭРТ ЭДҮГЭЭГИЙН ХАРИЛЦААГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Монгол Иран Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Гадаад хэргийн яам, Монгол улсын ШУА, Лалын Бүгд Найрамдах Иран улсын  Гадаад хэргийн яам, Лалын Бүгд Найрамдах Иран улсын  Гадаад хэргийн яамны Олон улсын судалгаа боловсролын төв хамтран “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Монголын үндэсний музейд боллоо.

Нээлтэнд Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Лалын Бүгд Найрамдах Иран улсын  Гадаад хэргийн дэд сайд И.Рахимпур, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Рэгдэл  нар оролцож үг хэлсэн юм.

Үзэсгэлэнгээр урьд өмнө 2 орны хооронд болж байсан төрийн дээд хэмжээний айлчлалын түүхэн фото зургууд, 2 орны газар нутгаас олдсон холбогдох түүхэн чухал олдворууд, тэр дундаа Илхан Гайхатугийн гаргасан анхны зарлиг, Ил хаант улсад бүтээгдсэн “Судрын чуулган”-ы монгол болон гадаад хэл дээрх орчуулгын ном бүтээл, Ил хаадын хөрөг зургууд зэрэг сонирхолтой ховор нандин зүйлсийг дэлгэн үзүүлж байна.

Монгол, Иран хоёр улсын хувьд  түүхийн эрт үеэс холбоо харилцаатай байж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололт амжилтаа харилцан солилцож, XIII-XIV зууны үед соёл, урлаг, уран барилга, шашин, шинжлэх ухааны талаар тухайн цаг үедээ үлэмж амжилтад хүрсэн Ил хаадын улсыг үүсгэн байгуулж, ертөнц дахины хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн баялаг түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2012 онд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад айлчилсны үр дүнд хоёр улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн юм. Монгол, Ираны шинжлэх ухааны хамтын  ажиллагааны түүхт гэрээг 1997 онд баталгаажуулж, 2003, 2012, 2013, 2015 онуудад хоёр улсын шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, баяжин хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд Ил хаадын улсын түүхийг хамтран судлахаар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн яамны Олон улсын судалгаа, боловсролын төв хоорондын Шинжлэх ухаан болон судалгааны салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.


2015 оны 6 дугаар сард Иран Улсын Шинжлэх ухааны байгууллагатай  хамтран ажиллаж Монголын ШУА-ийн эрдэмтдийн баг  Лалын Бүгд Найрамдах Иран улсад очиж ажилласан бөгөөд 2016 оны 10 дугаар сард  ЛБНИран Улсын Гадаад Хэргийн Яамны Олон Улсын Судалгаа, боловсролын Төвийн захирал болон эрдэмтэн судлаачид монгол улсад зочилсон бөгөөд   ШУА олон улсын “Гэрэгэ” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг зохион байгуулав. Энэ үеэр манай хоёр орны шинжлэх ухааны байгууллагын хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүнг 2 талын ажлын хэсгийн гишүүдээр хэлэлцүүлж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж тохиролцсон байна.



Бусад мэдээлэл