БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр ШУА-ийн тэргүүлэгчид, удирдах ажилтнуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Монгол Улсын их хурлын гишүүн, Ц.Цогзолмаад БСШУС-ын сайдын албан тушаалд томилогдсонд ШУА болон нийт эрдэмтэн судлаачдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж, ШУА-ийн тухай товч танилцуулга хийв.
Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа төлөвлөсөн ажлаа товч танилцуулав. Улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь нь шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн зөв бодлого, төлөвлөлт байдаг тул ирээдүй рүү чиглэсэн гол асуудлаа зөв тогтоож, шинжлэх ухаанд тулгуурлан алсыг харсан бодлого боловсруулахад эрдэмтэн судлаачдын гаргаж байгаа санал санаачилгыг бодитоор дэмжиж, бодлогын түвшинд ахиц өөрчлөлт хийхэд хамтарч ажиллах талаар эрдэмтэдтэй санал бодлоо солилцлоо.
Шинжлэх ухааны салбарт хийх хөрөнгө оруулалтыг ДНБ-ний 1%-д хүргэж байж бодит дэмжлэг болдог олон улсын жишгээр хөгжихөд тодорхой алхам хийх цаг нь болсон хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн даяаршиж буй ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж, хэл, түүх, уламжлалт соёл, иргэншил зан заншлынхаа дархлааг тогтоох, хадгалахад онцгой анхаарах, системийн менежментийн шинэчлэл хийх, боловсон хүчнийг чадавхижуулах, техник технологийн хөгжил, дэвшлийг бодитойгоор нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, стандарт, чанарыг сайжруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд ШУА-ийн эрдэмтэн, судлаачидтай санал бодлоо солилцож, шинжлэх ухаан, технологид суурилсан нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжиж, эрдэмтэн судлаачид, эрдмийн хамт олонтой хамтран ажиллах, эрдэм шинжилгээний байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэрэг хамгаалсан судлаачдыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарах, эрдэмтдийн боловсруулсан шинэ бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалт, эрдэм шинжилгээний ажлын чадавхийг сайжруулах, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр тусгайлан анхаарах зэрэг олон саналыг хэлж эрдэмтэд санал солилцов.