Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны Академи хамтран “БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЧАДВАРЖУУЛЪЯ” сэдэвт арга зүйн семинарыг 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Одон орон, геофизикийн судалгааны төв дээр зохион байгууллаа.
“Залуу судлаачдыг дэмжих зорилгот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс эрдэм шинжилгээний ажилтан залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, шинжлэх ухааны салбарын эрхзүйн болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад ШУА-ийн 22 хүрээлэн, төвийн нийт 60 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Эхний өдрийн сургалтаар “Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн бодлого”-ын талаар БШУЯ-ны ШУТГ-ын дарга Ж.Даваасамбуу танилцуулсан бол “Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил хэрэгжүүлэх шинэ журам”-ын талаар БШУЯ-ны ШУТГ-ын мэргэжилтэн Б.Лхагвадорж, “Инновацийн тухай хууль, Стартап компани”-ийн талаар академич Т.Ган-Эрдэнэ, “Шинжлэх ухаан, технологийн паркийн тухай” ШУТС-ийн мэргэжилтэн А.Тамир нар танилцууллаа.
Хоёрдахь өдрийн сургалтаар “Импакт, фактор өндөртэй сэтгүүлүүд, судалгааны ажлыг үнэлэх үнэлгээ, шалгуур үзүүлэлтүүд”-ийн талаар академич Ж.Тэмүүжин, “Шинжлэх ухааны ёс зүй, судлаачдын ёс суртахуун” сэдвээр академич Х.Намсрай нар тус тус лекц уншсан юм. Түүнчэн судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх арга зүй, шинжлэх ухааны шинж чанар, шалгуур үзүүлэлтүүд болон Засгийн газраас өндлөр хөгжилтэй орнуудад суралцаж байгаа магистрант, докторантад олгох тэтгэлэг, хамрагдах боломжийн талаар БШУЯ-наас мэдээлэл хийсэн юм.