МҮОНТВ сар шинийн босгон дээр эгэл жирийн хэрнээ нийгэмд гэрэл гэгээ түгээж явдаг эрхмүүдийг онцлон “Цагийн хүрд”-ийн баатраар өргөмжилжээ. Тэдний дунд шинжлэх ухааны салбараас академич Ч.Дугаржав, Палеонтологийн хүрээлэнгийн залуу судлаач Ц.Чинзориг нар багтсан байна.
Ц.Чинзоригийн хувьд 2017 онд шинжлэх ухааны салбарт түүхэн нээлт хийсэн гавьяатай юм. Тэрбээр 80 сая жилийн тэртээ амьдарч байсан тэмээн хөрст үлэг гүрвэл буюу холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ төрөл, зүйг ангилан тогтоожээ. Улмаар Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл хэмээх өгүүллийг “Nature”-ийн “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлсэн нь дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татсан шинэ судалгаа болж чаджээ. Палеонтологи судалгаа нь дан ганц тухайн орны судалгаагаар хэмжигддэггүй, дэлхий нийтийн олон улсын судалгаа байдаг. Тиймээс монгол эрдэмтний судалгааны ажлын үр дүнд олон улсын палеонтологийн шинжлэх ухаанд нэгэн шинэ төрөл зүйл ийнхүү нэмэгдэж байгаа юм.
Ч.Дугаржав академичийн хувьд 40 гаруй жил Монгол орныхоо ой модыг судалж байгаагаас гадна ой модыг нөхөн сэргээх ажлыг шавь нарынхаа хамт хийж иржээ. Ялангуяа Монгол орныхоо мод нь огтолсон, түймэрт шатсан ойг сэргээн ургуулах талаар түлхүү ажиллаж ирсэн. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөн морьт, Шарын гол, Булган аймгийн Хялганат зэрэг газарт 1000 гаруй га газрыг ойжуулсан байна. Түүнээс гадна байгалиасаа ой модгүй байсан Дорнод-Монгол, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд таван төрлийн шилмүүст навчит мод, 10-аад зүйлийн сөөг модот ургамлыг сүүлийн 17 жилийн турш тарьж ургуулж байгаа юм. Эдгээр газруудад одоогийн байдлаар 15-16 мянган ургаж байгаа гэнэ. 2001 оноос эхэлж Шилийн богд ууланд мод тарьж эхэлсэн бөгөөд жил бүр 500-1000 ширхэг, 2-3 настай хар мод, шинэс, гацуур, цагаан хус гэх мэт 10 гаруй зүйлийн сөөг модыг тарьжээ. Мод тарина гэдэг бол асар их хайр, тэвчээр, хөдөлмөр байдаг. Ч.Дугаржав академичийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 17 жилийн өмнө 15 см хэмжээтэй суулгаж байсан мод нь өнөөдөр 6 метр өндөр болж ургажээ.