Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс доктор, профессор Б.Даш-Ёндонгийн мэндэлсний 70 насны ойд зориулан “Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт: Асуудал ба хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Хурлыг Философийн хүрэлээнгийн захирал, академич Г.Чулуунбаатар даргалсан бөгөөд “Өнөөгийн монголчуудын сэтгэлгээ: философи, улс төр, ёс суртахуун, бодлогын судалгаа” сэдвээр илтгэл тавив.
Түүнчлэн Түүх, археологийн хүрээлэнгийн ЭШТА, академич Ж.Болдбаатар “Орчин үеийн улс төрийн сэтгэлгээ: улс төр нам, удирдагч” сэдвээр, МУИС-ийн багш, доктор, профессор Р.Дарьхүү “Монголчуудын философижсон ёс зүйн судалгааны тулгамдсан асуудал” сэдвээр, ШУТИС-ийн багш, доктор, профессор А.Энхбаатар “Өрнөдийн философи сэтгэлгээ-Монголд хөгжсөн асуудалд” сэвдээр, ФХ-ийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Батмөнх “Монголчуудын сэтгэлгээ : Илүү ч үгүй, дутуу ч үгүй ухаан” сэдвээр, ФХ-ийн ЭШТА, доктор, профессор Д.Болд-Эрдэнэ “Улс төрийн философи ба улс төрийн нам” сэдвээр, ФХ-ийн ЭША Б.Ариунзул, Р.Алтансүх нар “Монгол дахь дундад үзлийн философийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Мөн энэ үеэр ханын илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд хүрээлэнгийн докторант тус бүр судалгааныхаа чиглэлийн дагуу нэг илтгэл бичиж хэвлүүлсэн байна. Хуралд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, МАН-ын Удирдах зөвлөл, Удирдлагын академи, Шинжлэх ухааны Академи, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан доктор, профессор Б.Даш-Ёндонг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж гардуулан өгсөн юм.