“Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил
бүр зохион байгуулагддаг “Эрдэм хакатон 2023” тэмцээн 5 өдөр үргэлжилж өнөөдөр /2023.06.05/ дүнгээ гаргаж шилдэг төслүүдийг тодорлоо.
Эдийн засгийн өгөөж өндөр, биотехнологид суурилсан өрсөлдөөн
ихтэй шилдэг 29 төсөл энэ жил өрсөлдснөөс тэргүүн байрт ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс оролцсон “Артемис”
баг шалгарч, БШУ-ны Сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэн боллоо. “Артемис” баг нь гоо сайхны бүтээгдэхүүний орцонд нэн эрэлттэй Artemisia annua
L. буюу Mugwort-ийг биотехнологийн аргаар ургуулах патент дээр үндэслэн ургамлын
түүхий эдийг жилийн 4 улирал гарган авч, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг
зорьж ажиллаж байгаа. Шилдэг төслөөр шалгарсан гоо сайхны бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс хямд,
чанартай, монгол орны ургамал найрлагад орсноороо давуу талтай байх юм байна.
Дэд байрт “Эко” хөнгөн бетон төсөл шалгарч ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая
төгрөгийн тэтгэлэг хүртсэн бол гутгаар байрт Метаког төсөл шалгарч хамтрагч байгууллагуудын нэрэмжит 5
сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Тусгай шагналт байрт “Амин хүнс” “Эко грийн гоулд” төслүүд шалгарлаа.
“Эрдэм Хакатон” нь Инновацын тэргүүлэх 5 чиглэл болох Мэдээллийн
технологи, Шинэ материалын технологи, Биотехнологи / үйлдвэрлэлийн
технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, Үндэсний
онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл гэсэн чиглэлийн хүрээнд оюуны
өмч бүхий бизнес төслүүд өрсөлддөгөөрөө онцлогтой. Анх
2017 онд ШУА-ийн судлаачдын дунд 500,000 төгрөгийн шагналын сантайгаар эхэлж
байсан уг тэмцээн нь өдгөө салбар салбарын энтрепренер судлаач
оролцогчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болжээ.
Энэ жилийн хувьд “Эрдэм хакатон” тэмцээний цар хүрээ нь өргөжиж Европын холбооны санхүүжилттэй “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл, СЭЗИС, Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк, Европ Дархан Инновац, энтрепренершип төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгууллаа.