Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ШУА-ийн үйл ажиллагаатай танилцах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ.
Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ШУА болон харьяа хүрээлэн, төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан бөгөөд энэ сарын 14-ний өдөр хуралдаж хийсэн ажлын дүнгээ хэлэлцэж нэгтгэсэн юм. Хуралд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Сумъяабазар, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг, БШУ-ны Дэд сайд Б.Ургамалцэцэг, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Ажлын хэсгийн хурлаар шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй олон чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, санал бодлоо солилцсоны үр дүнд тодорхой чиглэл гарган арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн юм. Тухайлбал шинжлэх ухаан, технологийн тухай холбогдох болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинжлэх ухааны байгууллагуудын хүний нөөцийн болоод лабораторийн чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, хөтөлбөрийг оновчтой шинэчилж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын санхүүжилтийн болон төсвийн бие даасан байдлыг хангах шаардлагатай байгаа талаар санал солилцов. Түүнчлэн зарим эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд гарааны компани байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, ШУА болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж байгааг онцлов.
Ажлын хэсгийн зүгээс тулгамдаж буй асуудлуудаар НББСШУ-ны Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй хэмээн үзсэн юм.