Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОЛОН ТАЛТ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОЛОН ТАЛТ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалт нь манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой байв.

Чуулга уулзалтыг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар үг хэлсэн юм.

ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ: “Шинжлэх ухаан-бизнесийн уялдаа холбоог сайжруулах, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоог хангах, дэвшилтэт технологи, инновацийг бизнесийн салбарт эрчимжүүлэх шаардлага бидэнд тулгараад байна. Эдгээрийг цогцоор нь хөгжүүлэх нэг гарц бол “Өндөр технологи“ гэдэг дээр дэлхийн олон орны удирдагчид, улстөрчид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, бизнесийнхэн санал нэгтэй байгааг та бүхэн мэднэ. Улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өсгөх нь мэдлэгийн хэрэглээ, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн идэвхжилээс шууд хамаарч байна. Монгол улс дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 148 орноос 107-д, инновацийн түвшингээр 109 дүгээр байранд тус тус жагссан байна.

Монголын эдийн засагт технологижсон, оюуны үйлдвэрлэл 17 орчим хувь байхад экспортод нам технологитой бүтээгдэхүүн 16 хувийг, түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 83 хувийг эзэлж байна. Энэ бол шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл үйлчилгээний салбарт нэвтрүүлж, инновацийн үйл явцыг өргөтгөх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна” хэмээв.

Мөн тэрээр салбарын хэмжээнд бэрхшээлтэй, дутагдалтай зүйл олон байгааг онцолсон юм. Тухайлбал бодлогын түвшинд шинжлэх ухаан технологийн болон аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын уялдаа сул байгаагаас үүдэн инновацийн үйл ажиллагаанд үйлдвэрлэл бизнесийн оролцоо хангалтгүй байгааг онцоллоо.

Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгч оролцсон юм. Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, урамшуулах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


 



 


 



Бусад мэдээлэл