Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Тайванийн Гадаад хэргийн дэд сайд Чин Шан Хоу 10 дугаар сарын 14-ний өдөр ШУА дээр хүлээн авч уулзав.
Уулзалтад Монгол улсын ШУА-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Бандий, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Ганбат, Физик технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Б.Нэргүй, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ю.Оюунбилэг нар болон Тайванийн төлөөлөгчид байлцав.
Уулзалтын үеэр хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцсон юм. Тухайлбал Монгол улсын Шинжлэх ухааны академи Тайванийн Синика академийн хамтарсан хөдөө орон нутагт буй чулуун дээрх бичээсийн судалгаа, мөн 2018 он хүртэл үргэлжлэх соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлж, олон нийтийн хүртээл болгох төслүүдийн танилцуулга, явцын мэдээлэл хийлээ.