ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн хурлаар хэлэлцэгдэн “Уур амьсгалын өөрчлөлт Монгол орны ургамлын аймагт нөлөөлөх нь” суурь судалгааны төслийн хүрээнд эрхлэн гаргасан “Монгол орны унаган ургамлын тархацын атлас“ ном хэвлэгдлээ. Номыг Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторын эрхлэгч М.Ургамал, Б.Оюунцэцэг нар бичжээ. Уг бүтээлд Монгол орны гуурст ургамлын аймаг дахь нийт 19 овогт хамаарах 49 төрлийн 120 зүйл (үүнд 12 дэд зүйл багтсан) унаган ургамлын шинжлэх ухааны болон монгол нэршил, зүйл тус бүрийн тархац, амьдралын хэлбэр, ургах орчин, тип цуглуулгын мэдээлэл зэргийг зургийн хамт багтаан орууллаа. Унаган ургамлын зүйлийн тоогоор Буурцагтан (Fabaceae - 40 зүйл), Голгэсэртэн (Asteraceae - 23 зүйл), Сарнайтан (Rosaceae - 16 зүйл) гэх овгууд тэргүүлж, харин төрлийн хувьд Хунчир (Astragalus - 22 зүйл), Ортууз (Oxytropis - 13 зүйл), Гичгэнэ (Potentilla - 12 зүйл) давамгайлна. Түүнчлэн бүс нутгийн хувьд авч үзэхэд Монгол Алтай (41 зүйл), Хангай (26 зүйл), Говийн (15 зүйл) бүс нутгуудад унаган зүйлүүд илүүтэй тархсан байна. Монгол орны нийт унаган ургамлын 25 зүйл буюу 20.8 хувь нь эртний гаралтай, 95 зүйл буюу 79.2 хувь нь залуу унаган зүйл юм. Монгол орны унаган ургамлын хамгааллын статусын хувьд авч үзэхэд нэн ховор (VR) 8 зүйл, ховор (R) 27 зүйл, үлдвэр (RL) 3 зүйл, Улаан номонд (RB) орсон 20 зүйл, харин Улаан дансны (IUCN) дараах зэрэглэлд нийт 8 зүйл орсноос устаж байгаа (CR) 1 зүйл, устаж болзошгүй (EN) 1 зүйл, эмзэг (VU) 4 зүйл, мэдээлэл дутмаг (DD) 2 зүйл тус тус багтсан байна.