“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” 7 хоногийн арга хэмжээ эхэллээ
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” 7 хоногийн арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Эдийн Засаг, Хөгжлийн Яамнаас зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” арга хэмжээний нээлт өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, доктор С.Зулпхар, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (ScD) Ш.Ариунаа, Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн захирал Б.Бат-Эрдэнэ нарын хүндэт зочид, бизнесийн болон  эрдэмтэн судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.
Арга хэмжээг нээж ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, доктор С.Зулпхар, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нар үг хэлэв.



Нээлтийн арга хэмжээний үндсэн илтгэл болох “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт илтгэлийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн зарим төслийн саналыг танилцуулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, инновацsн шийдлүүдийг олон нийтэд хүргэлээ. Тухайлбал: Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг “Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, доктор Б.Алтансүх “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ногоон технологи”, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн доктор Ө.Болортуяа “Экспортод чиглэсэн био-эдийн засгийн тогтвортой хөгжлийг үндэслэх нь: чихэр өвс” төслийн саналыг танилцуулав.





Мөн арга хэмжээний үеэр шинжлэх ухаан, технологийн салбарын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийн танилцуулга хийгдэв. Үүнд:

  • ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, “Арьс ширний үйлдвэрлэлд ашиглах боломжтой ферментийн идэвхтэй бактерийн бэлдмэл”
  • Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх,“Төмсний нутагшсан болон ирээдүйтэй сортуудын үр үржүүлэг”
  • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэх жишиг үйлдвэр”
  • Анагаах ухааны хүрээлэнгийн АУ-ны доктор, профессор Л.Тулгаа “Түргэвчилсэн оношлуурын прототип бүтээгдэхүүн гарган авах”
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор С.Ариунаа “Б-СУБТИЛ-99” биобэлдмэл
  • Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл”

Мөн түүнчлэн уг арга хэмжээнд хувийн хэвшлийн төлөөлөл болох “Гарааны Био Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Удвал “Шинжлэх ухаанд суурилсан инновацын бүтээгдэхүүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, шинжлэх ухаан–бизнесийн уялдаа холбооны бодит жишээг танилцууллаа. Энэхүү арга хэмжээ энэ 7 хоногийн турш үргэлжлэх юм.




Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
13 өдрийн өмнө
Мэндчилгээ
1 сарын өмнө