Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОРОН НУТГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД “ДОРНОД ДЭЭД СУРГУУЛЬ”-Д ЧУУЛЛАА
ОРОН НУТГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД “ДОРНОД ДЭЭД СУРГУУЛЬ”-Д ЧУУЛЛАА

“Орон нутгийн их, дээд сургуулиудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт  эрдэм шинжилгээний бага хурал 5 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагт болж өнгөрлөө.

Эрдэм шинжилгээний бага хуралд  БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, ШУА-ийн Орлогч дарга Ц.Даваадорж нар болон холбогдох албаны хүмүүс уригдан оролцсон юм.

Улаанбаатар хот болон 8 аймаг, буриадын их сургууль зэрэг гадаад, дотоодын нийт 120 гаруй зочид төлөөлөгч оролцсон тус хурлын үеэр  "Орон нутаг дахь их, дээд сургуулиудын нийгмийн тулгамдсан асуудал", "Орон нутаг дахь их дээд сургуулиудын боловсролын шинэчлэлийн асуудал", "Орон нутаг дахь их, дээд сургуулиудын эдийн засаг, менежментийн асуудал" гэсэн 3 салбар хуралдаанаар нийт 30 гаруй илтгэл хэлэлцэгдэн, санаа бодлоо солилцсон юм.

Тэд орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд бүс нутгийн болон улсын хэмжээнд хэрхэн арга хэмжээ авах, орон нутагт хэрэгцээ шаардлагатай ямар мэргэжилтэн цаашид бэлтгэх, орон нутгийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш нарын цалин, нийгмийн хамгааллын орчныг сайжруулах, оюутнуудад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийн өсөн нэмэгдүүлэх, сургуулиудын сургалтын орчинг дээшлүүлэх чиглэлээр олон санал зөвлөмжийг гарган холбогдох шатны байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Санхүүжилтийн асуудал, оюутны элсэлт шалгалтын чанарыг сайжруулахтай холбоотой дээд боловсролын байгууллагуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудлууд орон нутагт  ч ялгаагүй адилхан. Гэхдээ орон нутгийн их, дээд сургуулиуд тухайн орон  нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж нутгийн засаг захиргааны байгууллага, орон нутагт байгаа ажил олгогч нартай хамтарч ажиллах шаардлагатай болдог тухай оролцогчид хэлж байлаа. Тэд мөн шинээр боловсрогдож гарч байгаа дүрэм журам, хуулинд гарч байгаа өөрчлөлт, тэтгэлэгт хөтөлбөрийн журам, хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг яам, засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг  талархалтай  дэмжиж хүлээн авч байгаагаа хурлын үеэр онцолж байлаа.

Эрдэм шинжилгээний хуралд БШУЯ, ШУА, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Дээд боловсролын шинэчлэл төсөл,  Дархан, Эрдэнэт болон ОХУ-ын Буриад улсын Багшийн коллеж, ЭМШУИС-ийн Дорноговь салбар, Ховд Их Сургууль, МУБИС, Завхан МУИСургууль, ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Сүхбаатар аймгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцов.

Хоёр жил тутамд 1 удаа болдог тус хурлыг дараагийн удаа ЭМШУИС-ийн Дорноговь салбар сургууль зохион байгуулахаар болсон юм.   



Бусад мэдээлэл