Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Б.Гүнчинсүрэн, Б.Пунсалдулам нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.
Б.Гүнчинсүрэн нь өдгөө ШУА-ийн Археологийн хүрээлэнд “Чулуун зэвсгийн
судалгааны салбар”-ын эрхлэгчээр ажиллаж байна.
Тэрээр Монголын түүхийн нэн эртний үе буюу тэр
дундаа хуучин болон шинэ чулуун зэвсгийн үеийн зангилаа асуудлууд, хадны
зургийн судалгааны чиглэлээр голлон судалгаа хийдэг.
Б.Гүнчинсүрэн нь 1998 онд “Мезо-неолит
Юго-Восточного фаса Гобийского Алтая” сэдвээр түүхийн ухааны дэд доктор (Ph)-ын
зэрэг хамгаалжээ. Энэхүү судалгааны ажил
нь Говийн Алтайн зүүн өмнөд бүс нутгийн дунд болон шинэ чулуун зэвсгийн үеийн
дурсгалуудыг бүхэлд нь хамруулан тухайн үеийн байгаль, газарзүйн орчин, чулуун
зэвсгийн үйлдвэрлэлийн хөгжлийн үе шат, хүний хөгжлийн асуудлуудыг хөндсөн нь
эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой болжээ.
Харин “Монголын дээд палеолитын эхэн үе” зохиолдоо
Монгол орны бүс нутаг бүрээс олдсон дээд палеолитын эхэн үеийн дурсгалуудыг
нэгтгэн дүгнэж, харьцуулан үзэж онц агийн нарийвчилсан хамаадал, үйлдвэрлэлийн
аргыг нь тодорхойлсон байна. Мөн энэ зохиолдоо анх удаа “Монгол орон бол хүн
төрөлхтөний өлгий нутаг”-ийн нэг биш хэмээн зоригтой тодорхойлолтыг дэвшүүлсэн
байна.
1995 оноос хэрэгжиж эхэлсэн
Монгол-Орос-Америкийн хамтарсан
“Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хүрээнд олон арван хуучин чулуун
зэвсгийн үед холбогдох бууц, суурин шинээр нээн илрүүлснээс Баянхонгор аймгийн
Баянлиг сумын нутагт орших “Цагаан агуй”-г малтан судлах хээрийн шинжилгээний
ангийн Монголын талын ахлагчаар ажилласан бөгөөд энэхүү малтлага судалгааны үр
дүнд Монгол орны нутаг дэвсгэр дээр хүн анх амьдарч эхэлсэн цаг хугацааг даруй
250.000 гаруй жилээр урагшлуулжээ. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт 2004
оноос хэрэгжүүлж буй “Умард Монголын чулуун зэвсгийн үе” төслийн эрдэм
шинжилгээний удирдагчаар ажиллаж, “Төлбөр-4” палеолитын дурсгалт газарт
2004-2006 оны хооронд хийсэн малтлага судалгаагаар ясаар хийсэн шөвөг, зүүлт
зэрэг эдлэл илэрсэн нь Монгол нутгаас анх удаа олдож буй бөгөөд 40.000 орчим
жилийн тэртээд холбогдож буй нь эрдэм шинжилгээний хувьд онцгой ач холбогдолтой
юм. Энд хийсэн судалгааны үр дүнд Их Төлбөрийн голын хөндийд 40 гаруй мянган
жилийн тэртээд эртний хүн ирж суурьшин 20 гаруй мянган жилийн туршид тасралтгүй
амьдарч ирсэнийг баттай тогтоожээ. Тус төслийн хүрээнд Сэлэнгэ мөрний нэг цутгал
болох Алтайдын голын салаа Харганын голын хөндийд хийсэн малтлага судалгааны үр
дүнг нэгтгэн олон улсад нэр хүнд бүхий археологийн мэргэжлийн Quaternary
International сэтгүүлд “New evidence for Paleolithic human behavior in Mongolia:
The Kharganyn Gol 5 site” нэртэйгээр 2017 онд хэвүүлээд байна. Мөн Булган
аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хэрэгжүүлж буй Монгол-Америкийн хамтарсан “Төлбөр-16
палеолитын дурсгалын малтлага: Монгол дахь дээд палеолитын эхлэл” төслийн эрдэм шинжилгээний удирдагчаар
ажиллаж байгаа бөгөөд “Төлбөр-16” палеолитын суурингаас тэмээн хяруулын
өндөгний хальсыг зүлгэж хийсэн зүүлт олж илрүүлсэн нь хуучин чулуун зэвсгийн
дээд үед буюу 40.000-30.000 жилийн тэртээд холбогдож байна. Эдгээр ясан багаж
зэвсэг болон гоёл чимэглэлийн зүйлс нь Монголын хуучин чулуун зэвсгийн судалгааг
баяжуулж буй чухал ач холбогдол бүхий хэрэглэгдэхүүн болж байна. Дээрх судалгааны
үр дүнг дотоод, гадаадын мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн нь Монгол
орны төдийгүй Төв Ази болон Өмнөд Сибирь, Хятадын хойд бүс нутгийн хуучин
чулуун зэвсгийн үеийн түүхийн судалгааны зангилаа асуудлуудыг шийдвэрлэхэд
бодитой хувь нэмэр оруулж байна.
Тэрээр, Хэнтий аймгийн
Норовлин сумын нутаг Салхит хэмээх газраас олдсон нэн эртний хүний толгойн ясны
хэсэгт тулгуурлан холбогдох он цагийг нь тодорхойлолх судалгааны ажилд Монголын
хэсгийг төлөөлөн оролцсон 34.950-33.900 жилийн тэртээд холбогдохыг нь
тогтоосноос гадна, Төв Азид өргөн тархсан N хаплогруппийнх болохыг баталгаажуулснаа дэлхийн шинжлэх
ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн “Nature-communications” сэтгүүлийн 2019 оны эхний дугаарт нь
“Compound-specific radiocarbon dating and mitochondrial DNA analysis of the
Pleistocene hominin from Salkhit Mongolia” нэртэйгээр хэвлүүлсэн. Мөн өгүүлэн бүхий хүний мтДНХ-ийг ялган генийн
бүтцийн дарааллыг нь тогтоосноор Төв Азийн эртний ухаан хүн хэрхэн үүсснийг
тайлбарласан “Denisovan ancestry and population history of early East
Asians” өгүүллийг хамтран бичилцэж “Science” сэтгүүлд 2020 оны 10-р сард хэвлүүлсэн
нь нээлтийн шинжтэй судалгаа болсон.
Монгол оронд анх удаа “Оюу
толгой” төслөөс уул уурхайн ашиглалтын явцад соёлын өвийг хадгалж, хамгаалж авч
үлдэх зорилготой зарласан соёлын өвийн хөтөлбөрийн тендерт Б. Гүнчинсүрэнгийн
удирдсан “Олон улсын соёлын өвийн баг” ялж, соёлын өвийн иж бүрэн, цогц хөтөлбөрийг бий
болгох, хэрэгжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх
хугацаанд тухайн бүс нутагт буй 500 гаруй түүх, соёлын дурсгалыг бүртгэж
баримтжуулснаас гадна, ард олны дунд мартагдах шахаж байгаа говь нутгийн
өвөрмөц ёс заншил, аман зохиол, уртын болон богино дууг хуурцагт бичиж
тэмдэглэх зэргээр соёлын өвийн сан бүрдүүлсэн нь дэлхий нийтээрээ даяаршиж буй
үед Монгол орныхоо түүх-соёл, ёс заншлыг хойч үедээ уламжлуулан авч үлдэхэд
тулгамдаж буй өнөө цагт чухал ач холбогдолтой ажил болжээ. Энэ ажлын үр дүнд Монгол орны өнцөг булан бүрт
буй соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, нэгдсэн системд оруулах, хадгалж
хамгаалах аргачлалыг боловсруулах ажлуудын эхлэл болсон юм.
Б.Пунсалдулам нь “Монголын газар тариалангийн түүх” сэдвээр Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа
Б.Пунсалдулам нь Монгол улсын түүх бичлэгийн
асуудлаар мэргэшиж буй цөөн тооны судлаачдын нэг бөгөөд өдгөө ШУА-ийн Түүх, угсаатны
зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний бүтээлээс:
I.НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ.
1. Монголын
1911 оны үндэсний хувьсгалын түүх бичлэг (1911-2003) докторын (Ph.D)зэрэг горилсон бүтээл.УБ.,2004
2. 1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүх бичлэг (1911-2003).УБ.,2006. 170 тал
3. Монголын түүх бичлэг. Монгол улсын шинжлэх ухаан судлал.
ХХХ боть. УБ.,2010. 11х.х.
4. Монголын газар тариалангийн түүх (1900-1958
он).Тэргүүн
дэвтэр. УБ.,2017.тал 230
5. Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх (ХХ зуун)
УБ.,2018. тал 282
6. Монголын газар тариалангийн түүх 1959-2021 он. УБ.,2019.
Тал 280
II.ХАМТЫН БҮТЭЭЛ
1. Монголын 1911, 1921 оны хувьсгалын түүх бичлэг (Гадаадын түүх бичлэгийн тойм) УБ.,2007.208 тал /Н.Хишигтийн хамт/
2. Монгол,Болгарын харилцаа.УБ.,2009.200 тал./Ч.Баянжаргал,
С.Туяагийн хамт/
3. Монголын түүхийн шинжлэх ухаан.Монгол улсын шинжлэх ухаан
судлал. XXVI ботийн тавдугаар
бүлгийн 1,2,3,4,5,8 зүйл/4
х.х./.УБ.,2007.213 тал.
4. ХХ зууны Монголын түүхийн судалгаа, түүх бичлэг. I бүлгийн 1,2,3,/5х.х/, эрдэмтдийн намтар судалгаа
/3х.х./.УБ.,2009.
5. Монгол улсын
түүхэн газар зүйн зураг. Монголын эртний улсуудын хэсэг Кидан/ О.Пүрэвийн
хамт/УБ.,2006.
6. Монгол улсын үндэсний атлас. /хамтын зохиогчоор/УБ.,2010
7. Монголын Үндэсний хувьсгалын нэвтэрхий толь. УБ.,2011.
Б5.460 тал. /Ж.Урангуа, С.Чулууны хамт эрхлэн эмхтгэв/
8. Монгол улсын Шинжлэх Ухааны Академи.УБ.,2011.Б5.425тал./Iбүлгийн”
Монголчуудын шинжлэх ухааны уламжлал” /1х.х./ зүйлийг, II бүлгийн “Монгол улсын
ШУА байгуулагдан ажилласан нь” /3х./ зүйл, IIIбүлэг /6х.х./ бичсэн.
9. Монгол улсын Шинжлэх академийн гишүүд эмхтгэлд /УБ.,2011.
Б5.380 тал. /1х.х/
10. Монгол дахь
Оросын ашиг сонирхол, анхны төслүүд, Монгол-Оросын төмөр замын анхны
гэрээ”/1х.х/, “Монголын төмөр
замын түүх бичлэг”/1,5х.х./ зүйлүүд. ШУА-ийн
Олон улс судлалын хүрээлэн Кэмбрижийн Их сургуулийн
Монгол, Өвөр Азийн судлалын төв хамтран 2013-2015 онд хэрэгжүүлсэн Британий Академиас санхүүжүүлсэн “Entangled
Lines: Railways, Resource Booms, Transnational Politics in Mongolia” эрдэм
шинжилгээний төслийн хүрээнд туурвих нэгэн сэдэвт хамтын бүтээл
11. ЕБС-ын түүхийн сургалтын хичээлийн хөтөлбөр, программ.
УБ.,2015 /хамтын зохиогчоор/
12. “ХХ зууны Монгол: Нүүдлийн амьдралаас орчин үежилт рүү”
хамтын бүтээлийн нэгдүгээр бүлэг, гуравдугаар бүлгийн хоёрдугаар зүйл. Хэвлэлд
шилжсэн
13. “Монголын түүх-9” сурах бичиг /З.Лонжид, О.Батсайхан,
Б.Пунсалдулам /УБ.,2015/