Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2016” эрдэм шинжилгээний хурлыг 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод зохион байгуулж байна. Хурлаар монголын археологичид өнгөрсөн онд шинээр нээсэн олдвор, шинэ содон үзмэрүүд хийгээд хээрийн судалгааны тайлангаа хэлэлцэж, мэргэжлийн судлаачидтай харилцан мэдээлэл солилцсон юм.
Хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтэд оролцож тайлангаа хэлэлцүүлснээс гадна ОХУ-ын судлаачид мөн тус хуралд оролцсон юм.
Монголын археологчид өнгөрсөн онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судласнаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.
Нээлтийн үеэр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголын археологичид хийсэн ажлын тайлангаа тавьж байна. Бид асар олон зүйлийг хийж бүтээсэн нь харагдаж байна. Бид иргэдийнхээ оюуны хэрэгцээг хангахын тулд үйлчилдэг. Шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад судалгааны хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээв.
Харин доктор Ю.Болдбаатар “Бид судалгаа хийхээр аль нэг газрыг зорих болоход эдийн засгийн хүндрэл гардаг. Гэвч бид элдэв асуудал тоочоод суудаггүй. Судалгаагаа л боддог. Яаж ийгээд ажлаа хийхээр замдаа гардаг. Өнгөрсөн онд археологчид маш амжилттай ажиллаа. Бид энэ онд ч мөн амжилттай ажиллахын тулд өнгөрсөн оныхоо тайланг тавьж, судлаачид маань хоорондоо мэдлэгэ туршлага солилцохоор цугларцгаасан байна. Бид хийсэн юмтай учир баяр хөөртэй, нүүр бардам энд зогсож байгаа юм шүү” гэв.
2016 онд хийгдсэн олон төсөл, хээрийн судалгаа, малтлагын үеэр үнэт олдвор ихээр илрүүлсэн ба тэдэн дунд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн “Үзүүр гялан” хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олдсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Басхүү Хонгор сумаас олдсон палеонтологийн олдвор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид дор бүрнээ тайлбар хийж, малтлагийн үеийн үйл явцыг зурагжуулсан баримт зэргийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Археологийн авран хамгаалах судалгааны хүрээнд 16 аймгийн 38 сумын нутагт нийт 42 тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул, судалгааны ажил зохион явуулж Бянхонгорт 10, Говь-Алтай аймагт 27, Дорноговь аймагт 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаабаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлж баримтжуулсан амжилттай байна.
Тус малтлага, судалгааны хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, шоргоолжин булш, дөрвөлжин булш арав гайруй хамрагдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт малтан судалсан дөрвөлжин булшнаас цөгцөн хэлбэрийн хүрэл тогооны хагархай, хүрэл зэв олдсон бол тус сумын Гацууртын амны монгол булшнаас монгол эмээл, төмөр хутга, хүрэл гаанс зэрэг сонирхолтой олдворууд нээн илрүүлжээ. Мөнхүү Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших хөндөгдөөгүй бүтэн оршуулга бүхий шоргоолжин булшнаас цагаан шавар сувс, улаан өнгийн хүзүүн хув зүүлт зэрэг олдсон нь ховор нандин үзмэрийн тоонд багтаж буй юм.
Монгол-Германы хамтарсан “Баркор” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Майхан толгой гэх газарт малтлага хийж судалгаагаар илэрсэн хүн, малын ясны дээжийг ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимиланы их сургуулийн Био төв, Биологийн нэгдүгээр тасгийн лабораторид радио-карбоны аргаар он цаг тогтоох, изотопын судалгаа хийлгэхээр илгээгээд байгааг төслийн багийн хамт олон мэдэгдлээ. Өөр бас нэгэн сонирхолтой олдворийг Монголын Үндэсний музей, Амеркийн Питсбургийн их сургуультай хамтарсан “Умард Монгол” архелогийн судалгааны төслийн хүрээнд нээн илрүүлжээ. Тус багийн хамт олон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Айрагийн гозгор хэмээх газраас өмнө илэрч байгаагүй өвөрмөц зан үйл бүхий булш, оршуулгыг илрүүлэхийн сацуу Сяньбигийн үед хамаарах модон байшин бүхий модон хүний сийлбэрийг олжээ. Ийнхүү тус булшнаас гарсан өөр олон үнэт олдворуудаар Монголын Үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг арвижуулсан байна.
Монголын археологийн сан хөмрөг жилээс жилд өсөн арвижиж, үнэт олдвор бүхий дурсгалт газруудыг судлаачид нээн илрүүлснээр бидний түүх улам л зузаатсаар буй билээ.