Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Байгаль орчинд ээлтэй, хийн түлшээр ажиллах дулааны станц барих ТЭЗҮ хийгдсэн
Байгаль орчинд ээлтэй, хийн  түлшээр ажиллах дулааны станц барих ТЭЗҮ хийгдсэн

ШУА-иас тогтмол зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цурвал лекцийн энэ удаагийн зочноор ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ж. Цэенйдов  оролцлоо. Тэрээр "МОНГОЛ УЛСЫН ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЭКОЛОГИЙН БАРИМЖААТАЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА"  сэдвийн хүрээнд дулаан хангамжийн эх үүсгүүрийг боловсронгуй болгох, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, иргэдийн амьжиргааны түвшин, өртгийн шалгуурт нийцсэн байдлаар шинэчлэх, шинээр барьж байгуулах чиглэл, хандлагын талаар сонирхолтой лекц уншлаа.   

Дээрх сэдвийн хүрээнд шинжлэх ухааны доктор (ScD) Ж. Цэенйдовтой товч ярилцлаа.



-Та энэ удаагийн лекцээрээ иргэдэд ямар мэдээлэл онцлон хүргэхээр зорьж бэлтгэв?

 -Энэ лекцийг янз бүрийн мэргэжлийн хүмүүс сонсож байгаа  учраас  юуны түрүүнд эрчим хүч үйлдвэрлэлийн технологийн процесс ямар хуу байдлаар явагддаг вэ, мөн Монгол улсын хувьд эрчим хүчний салбар, тэр дотроос дулааны эрчим хүчний салбар ямар байдлаар хөгжиж өнөөг хүрэв гэдэг мэдээллийг танилцуулахыг зорьсон. Түүнчлэн өөрийн судалгааны ажил дээр үндэслэн эрчим хүчний салбарын орчин үеийн тулгамдаж байгаа асуудлыг шийдүүлэхийн тулд экологид ээлтэйгээр хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлохыг зорилоо.  

-Та бол энэ салбарт экологид ээлтэй технолги нэвтрүүлсэн эрдэмтэн хүн. Энэ судалгааны ажил салбарт ямар шинэчлэл авч ирэв. Гол үр дүн нь юу байсан бэ. Товчхон дүгнэж хэлбэл?

-Миний сүүлийн 30 гаруй жилд хийгдсэн судалгааны ажил бол дулааны эх үүсгэвэр түүний дотроос уурын болон ус халаах зуухны шаталтын технологийг өөрчлөх ажил байсан. Өөрөөр хэлбэл, шаталтын явцад үүсэж гадаад орчинд хаягдаж байгаа байгаль орчныг бохирдуулагч бодисуудыг бууруулах, нөгөө талаар түлшийг бага зарцуулах технологи гаргаж ирсэн. Энэ хоёр асуудал нь дэлхийн дулааралд нөлөөлж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад  чиглэгдэж  байгаа юм.  Үүн  дээр тулгуурлаад ДЦС-ын 20 гаруй зуухны шаталтын технологийг шинэчлэн өөрчилж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь  үр дүнгээ өгч одоо шинээр батлагдсан улсын стандартын шаардлагыг хангахуйц болж байна.

-Манай улсад ДЦС-ын хэдэн зуух  байдаг вэ. Улсын хэмжээний бүх зууханд дээрх технологийг нэвтрүүлэх шаардлагатай юу?

-Улсын хэмжээнд ДЦС-ын 60 зуух бий. Энэ 60 зуух нь хуучин ЗХУ-ын  үед үйлдвэрлэгдсэн буюу үндсэндээ 40-50 гаруй жил ажилласан хуучин техник, технологитой байгаа.  Хуучин тоног төхөөрөмжтэй ДЦС-ын зуухнуудад  шинэчлэлт өөрчлөлт хийхэд  нэлээд хүндрэлтэй. Эдгээр  хуучин зуухнуудаас  5-6-г л шинэчилсэн байдаг.   Харин шинээр байгуулагдаж байгаа ДЦС-ын зуухнуудын хувьд шинэ технологи нэвтэрч орж ирж байгаа учраас түүнийг нутагшуулах, түүний үзүүлэлтүүдийг туршилтаар тодорхойлж хуучин технологитой зуухны үзүүлэлтүүдтэй харьцуулан үзүүлэх замаар туршилт судалгааны ажлыг явуулж байна.  

-Одоо эрчим хүчний ид ачааллын улирал эхэлж байна. Засгийн газраас ДЦС-уудад ойрын ирээдүйд ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа бол... Судлаач хүний хувьд энэ тал дээр хийж байгаа шинэ судалгаа, дуулгах шинэ мэдээлэл  юу байна?

-Өвлийн  улиралд оргил ачааллын үед дулаан, цахилгааны энерги аль аль нь дутагдах тохиолдол тулгарч байна. Одоогоор цахилгаан эрчим хүчийг  ОХУ-аас аваад нөхчихөж  болж байна. Гэтэл дулааны эрчим хүчний хувьд тийм боломж байхгүй. Иймээс 2022 онд УБ хотын оргил ачааллын үеийн дулааны дутагдлыг яаж хангах  вэ гэдэг асуудал анхаарлын төвд байсаар л байна.  Энэ асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотод 4-5 газар, оргил ачааллыг хангах эх үүсвэр барих ТЭЗҮ хийгдсэн байгаа. Энэ ТЭЗҮ-д эхний хувилбараар байгаль орчинд ээлтэй, хийн  түлшээр ажиллах дулааны станц барьж байгуулна гэж тусгагдсан. Мэдээж энэ ажлыг   өнөө жил хийчихгүй ч ойрын  ирээдүйд  үе шаттай хэрэгжүүлэх бодлогыг манай улс баримталж байгаа.


Бусад мэдээлэл