Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн “Монголын боловсрол, иргэншил судлал” номын нээлт 9 дүгээр сарын 16-ны өдөр Интерном их дэлгүүрт боллоо. Номын нээлтэд монголын шинжлэх ухааны салбарын үе үеийн нэрт эрдэмтэд, судлаачид оролцож бүтээлийн талаар санал бодлоо солилцлоо.
Зохиогч даяаршлын эрин үед өөрийн орны боловсролын тогтолцоог илүү танин мэдэж, боловсролын тогтолцооны төсөөтэй хийгээд ялгаатай талуудыг тодорхойлох аргазүй болон иргэний боловсрол, дээд боловсролын эдийн засгийн механизмыг судлан өөрийн санал бодлоо тусгаж монгол улсын хөгжилд мэдлэг оюуны ач холбогдол, үндэсний хөгжлийн үнэт зүйлс, тулгуур зарчим түүхэн хандлагын тухай өөрийн саналыг дэвшүүлжээ.
Иргэншлийн онол, иргэншлийн хөгжил, иргэншлийн стандарт болон нүүдлийн нийгмийн судалгааны орчин үеийн асуудлуудыг уг бүтээлд өгүүлэхдээ монголын нүүдэлчдийн өв соёлыг нарийвчлан судалж, өнөөгийн шинжлэх ухаан технологийн дэвшилттэй уялдуулан хөгжүүлэх, “соёлын өв-технологийн шинэчлэл-боловсрол” гэсэн гурвалсан үзэл баримтлалыг бодлого боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх түвшинд төр засаг, шинжлэх ухаан, их дээд сургуулиуд цаашид анхаарах ёстойг таниулахыг зорьсон байна.