Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн Их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээнийхурлыг 9 дүгээр сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Болд, Британий Кэмбрижийн Их сургуулийн профессор Э.Булаг, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрхлэгч, хурандаа Б.Ганболд нар болон олон улсын зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцов.
Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ: Тус симпозиумыг зохион байгуулж буй нь хэд хэдэн онцлог, ач холбогдолтой хэмээн үзэж байна. 1-рт, Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн баяр ёслолд оролцож буй чухал цаг үед энэхүү хурал болж байна. Ерөнхийлөгч В.Путины айлчлал Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа бүх талаар өргөжин тэлж, хөгжлийн шинэ үе шатанд орж буйг нотлон харуулна хэмээн итгэж байна. 2-рт, хурлын сэдэв ихээхэн сонирхолтой, олон нийтийн анхаарлыг татаж байна. Халх голын дайны талаар олон удаа хурал зохион байгуулж, ялалтын баярыг олон удаа тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Харин Халх голын дайн Монгол Улсын болон Зүүн Хойд Ази дахь төмөр замын бүтээн байгуулалтанд ямар нөлөө үзүүлсэнийг бараг анх удаа Монгол Улсад олон улсын түвшинд хэлэлцэж байна. Аливаа түүх бол ирээдүйн хөгжлийн чухал үндэс суурь. Дорнод бүсийн төмөр замын бүтээн байгуулалтын түүх төдийлөн судлагдаагүй, түүхэн ээдрээ нугачаатай үеүдэд Баянтүмэн, Эрээнцавын төмөр ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг тодруулах нь эрдэм шинжилгээний талаас ч, танин мэдэхүйн талаас ч чухал ач холбогдолтой. Эдүгээ хөрш орнуудын далайн боомтуудад хүрэх төмөр замын гарцуудыг идэвхитэй судлан, хамтран ажиллах бүхий л арга замыг эрэлхийлж байна. Монгол Улсын дорнод бүс бол Хятад, Орос, Хойд Солонгосын боомтуудад хүрэх хамгийн дөхөм ойр бүс юм. Саяхан БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал транзит тээвэр, далайн боомтуудын талаар чухал тохиролцоонд хүрсэн нь Монгол Улсын хөгжилд эерэг таатай нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Хурлын хөтөлбөрөөс харахад энэ чиглэлийн илтгэл байгаа нь харагдаж байна. 3-рт, дэлхийд нэртэй Кембрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын төв манай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэмээр байна” хэмээв.
Хурлаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Болд “Халх голын тулалдаан ба төмөр зам”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрхлэгч, хурандаа Б.Ганболд “Халхын голын дайны сургамж ба төмөр зам”, Кэмбрижийн Их сургуулийн профессор Э.Булаг “Зам судлал ба Монголын түүхэн хувь заяа” сэдвээр илтгэл тавьсан бол Японы Шига их сургуулийн профессор Б.Бүрэнсайн “Халх голын дайн ба Өвөр Монголд явагдсан Японы төмөр замын ажиллагаа”, БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн дэд профессор Хөгжилт “БНХАУ ба Монгол Улсыг төмөр замаар холбох бодлого, үйл явцад хийсэн дүн шинжилгээ”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭША Р.Төрдалай “1930-аад оны Монголын төмөр замын хөгжлийн асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.