Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа 4 дүгээр сарын 14-ний өдөр МҮХАҮТ-д боллоо.
Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол улсын Шинжлэх ухааны Академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийг төлөөлж ТУЗ-ын дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурав.
Тус санамж бичгийг байгуулснаар мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, эрдэмтдийн боловсруулсан судалгаа шинжилгээний бүтээл, инноваци дээр тулгуурсан бодит ажлуудыг бизнесийн байгууллагуудад танилцуулах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, технологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлснээр эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санамж бичгийн гол зорилго оршиж байна.