-Япон болон Австрали улсын засгийн газартай хамтраад хүрэн нүүрснээс устөрөгч гарган түүгээрээ усан цахилгаан станц хийж байна. Хүрэн нүүрснээс устөрөгч гаргаж авах ерөнхий технологийн талаар тайлбарлаач?
-Ер нь устөрөгч хамгийн сайн өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн. Түүгээр цахилгаан гаргаж авах, мөн өөр бусад хэлбэрээр ашиглах боломжтой түүхий эд. Өнөөдөр устөрөгчөөр юу хийж байна гэвэл бордоо хийж байна. Бордоонд шаардлагатай аммиакийг гаргаж авахын тулд устөрөгч хэрэглэж байгаа. Түүнчлэн химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрт өргөнөөр ашиглаж байна. Устөрөгчийг гаргаж авах олон арга байдаг. Түүний нэг нь хүрэн нүүрснээс гаргаж авах арга юм. Устөрөгч гаргаж авах хамгийн гол арга нь байгалийн хийг хувиргаж гарган авдаг. Мөн хүрэн нүүрсийг хийжүүлж гаргаж авдаг. Уснаас мөн гаргаж авч болно. Тэгэхдээ энэ арга нь одоогоор эдийн засгийн хувьд ашиггүй. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд гаргаж авч буй устөрөгчийн 80 хувийг байгалийн хийнээс гаргаж авч байгаа юм. Тодорхой түвшинд бага хувиар нүүрснээс гаргаж авдаг. Тэгэхээр байгалийн хий бол манай оронд байхгүй. Тийм учраас бид ашиглагдахгүй байгаа хүрэн нүүрсээ боловсруулж устөрөгч гаргаж авах боломжтой. Ерөнхийдөө Монголд нүүрсний төрөл бүрийн судалгаа тодорхой түвшинд маш ихээр хийгдэж ирсэн, устөрөгчтэй холбож ярихад бид нийлэг хий гаргаж авах зорилгоор судалгаа хийж ирсэн. Нийлэг хий гэдэг нь устөрөгч болон нүүрсхүчлийн дутуу ислийн холимог. Үүнийг гаргаж авахын тулд олон жил судалгаа хийж ирсэн, харин цэвэр устөрөгч гаргах тал руу явахгүй байсан. МУИС, ШУТИС, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн бол энэ чиглэлийн судалгаануудыг хийх тоног төхөөрөмж болон судлаачидтай. Тэгэхээр бид нийлэг хий гарган авч түүгээрээ шингэн түлш буюу бензин, шатахуун гаргаж авах чиглэл рүү судалгаагаа хийж байсан. Яг цэвэр устөрөгч гаргаж авахад дагаад маш их хэмжээний нүүрсхүчлийн хий буюу хүлэмжийн хий гардаг. Энэ нь дэлхийн дулаарлын гол буруутан учраас энэ асуудлыг мөн давхар шийдэх ёстой байдаг.
-Австрали улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гаргаад цахилгаан станцдаа нийлүүлж байна. Манайх нүүрсээ устөрөгч болгоод нийлүүлж болох уу?
-Зарчмын хувьд устөрөгч бол хамгийн өндөр илчлэгтэй хамгийн сайн түүхий эд. Шатаалтаар буцаад ус болдог, өөр хаягдал байхгүй. Устөрөгчөөр ажилладаг ямар нэгэн цахилгаан станц, машин хийх нь байгаль орчинд ээлтэй, хамгийн зөв технологи. Хамгийн гол нь устөрөгчөө эвтэйхэн гаргаж авах юм. Манай орноор хийн хоолой дамжин өнгөрнө гэж яригдаж байгаа. Тэгэхээр хийн хоолойгоор байгалийн хий дамжина. Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс устөрөгчийг гаргахдаа бид анхаарах ёстой юм. Нөгөө талдаа гаргаж авсан бүтээгдэхүүнээ ашиглах дэд бүтэцтэй байна гэдэг хамгийн чухал.
-Манай улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, хүрэн нүүрсний арвин их нөөцтэй. Бид энэ төсөлд хамрагдах боломжтой юу?
-Боломжтой байлгүй яах вэ. Яагаад гэвэл манайх арвин их нөөцтэй. Сайн чанарын чулуун нүүрс болон коксжсон нүүрсээ экспортолж байгаа. Хүрэн нүүрсээ бол цахилгаан станцдаа шатааж байгаа, хэрэглээ нь харьцангуй бага. Ихэнх хүрэн нүүрсний нөөцөө бид ашиглаж чадахгүй байгаа. Хүрэн нүүрсийг ашиглах боломжтой чиглэл нь устөрөгч гаргаж авах. Устөрөгч гаргаад авчихвал янз бүрээр хэрэглэнэ. Устөрөгчийг гаргаж авахаар нүүрсхүчлийн хий ихээр үүснэ гэж түрүүнд дурдсан. Тиймээс нүүрсхүчлийн хийг яах вэ гэдгийг давхар бодох ёстой. Бид Киотогийн протоколд нэгдсэн орон учраас нүүрсхүчлийн хийг чөлөөтэй үйлдвэрлээд байж болохгүй. Киотогийн протоколоор нүүрсхүчлийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулж улс бүр 1990 оны түвшинд хүргэх ёстой. Тиймээс бид CO2-ыг ихэсгэхгүй байхад давхар анхаарах ёстой. Дэлхий нийтээр хурааж, хадгалдаг технологийг хөгжүүлэхэд анхаарч байна. Бид устөрөгчийг гаргахдаа ч мөн анхаарч энэхүү технологийг хөгжүүлэх нь зүйтэй.
-Таны бодлоор нүүрсхүчлийн хийг багасгахад ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Дэхийн дулаарлын гол буруутнуудын нэг бол хүлэмжийн хий гэж ярьдаг. Тэгэхээр хүлэмжийн хийг яах вэ гэдэг нь мөн том асуудал. Хүлэмжийн хийг бууруулах аргуудыг хүмүүс хайж байна. Нэгдүгээрт, түүнийг хадгалах хураах. Өөрөөр хэлбэл, нефть гаргаж аваад цооног үлддэг, тэр нефтийн цооногт хий оруулаад дарах гэх мэт төрөл бүрийн судалгаа хийж байна. Мөн их хэмжээний мод тарих юм бол нүүрсхүчлийн хийг шингээнэ. Цэвэр устөрөгч гаргаж авах гээд их хэмжээгээр нүүрсхүчлийн хийг гаргах нь дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй. Тиймээс нүүрсхүчлийн хийг ашиглах, бууруулах судалгаа хийх ёстой. Нүүрсхүчлийн хийг ашиглах чиглэлийн судалгаа бас улс орнуудад ихээр хийгдэж байгаа.
-Манай орны хувьд устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц барих боломжтой юу?
-Зарчмын хувьд боломжтой. Гэхдээ устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц цоо шинэ технологи.