Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан билээ.
Үүний дагуу шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн боловсролын чиглэлээрх асуудлыг хэрэгжүүлэхээр Монгол улсын шинжлэх ухааны академи, Нийслэлийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн 84 дүгээр сургууль дээр боллоо.
Тус үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НБГ-ын дарга Ц.Отгонбагана нарын хүмүүс оролцох юм.
Санамж бичгийн зорилго нь шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн боловсролын байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад оршино. Хоёр тал санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллах юм. Үүнд:
Ø Шинжлэх ухаан, технологийн ололтыг олон нийтийн хүртээл болгох;
Ø Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекц, семинар зохион байгуулах;
Ø Сурагчдад зориулсан хялбаршуулсан ном, гарын авлага зохиох;
Ø ЕБС-ийн багш нарыг хөгжүүлэх, тэднээр дамжуулан шинжлэх ухааны мэдээллийг сурагчдад олгох ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;
Ø ЕБС-ийн багш нартай хамтарсан сурах бичиг зохиох;
Ø Сансар, од эрхсийн ордон "Астропарк"-ийг түшиглэсэн “Нээлттэй одон орон” хөтөлбөр хэрэгжүүлэх;
Ø Сургалт, туршилтын материал бааз бий болгох чиглэлээр хамтран ажиллах;
Ø ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагаа, судалгааны бааз лабораториудтай танилцах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, тогтмолжуулах
Санамж бичигт гарын үсэг зурсаны дараа ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цогтбаатар “Шим ертөнцийн үүсэл, хөгжил ба үлэг гүрвэл” сэдвээр сонирхолтой лекц уншив.