Өнгөрөгч
амралтын өдөр буюу 6 дугаар сарын 1-ны өдөр Хүүхдийн
баярын өдөр Одон Орон Геофизикийн Судалгааны төвд Сансар, Од Эрхэсийн ордоны
нээлт боллоо.
Ордоны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн
Тамгын Газрын Дарга
П.Цагаан, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БНМАУ,
ЗХУ-ын Баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ, БНМАУ-ын Баатар,
сансрын нисгэгч В.Жанибеков, сансрын нисгэгч
М.Ганзориг болон УИХ-н гишүүд, хүүхэд, залуучууд, ООГСТөвийн ажилтан, албан
хаагчид оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ордонтой танилцсаныхаа дараа сэтгүүлчдэд
хандан хэлэхдээ “Манай ард иргэд, хүүхэд багачуудын хүсэн мөрөөдөж байсан ийм
сайхан судалгааны төв өнөөдөр Хүүхдийн баярын өдөр нээлтээ хийсэн нь бэлгэ
дэмбэрэлтэй юм. Монголчуудын хувьд сансар, одон гаригийг их эрт дээр үеэс судалсаар ирсэн билээ. Монголын их гүрэн байгуулагдаж байхад монголчууд одон
орныг дуран авайгаар харж байсан. Монголын их хаан Хубилайн үеэс авахуулаад
сансар, одон орныг судалдаг эрдэмтдийг цуглуулж дурайн авай хийж, олон
том бунхан, музей байгуулж байсан түүх бий. Энэ бүхэн өнөөдөр Иран, бусад оронд
байдгийг бид очиж үзэж маш их бахархаж байсан.
Түүнээс хойш монголчуудын хүсэл мөрөөдөл болсон энэ сайхан үйл хэргийг манай бахархалтай,
туршлагатай сансрын нисэгчид хамтаа бүтээж сансарт гарсан. Одоо түүнийг газарт
буулгаж ард иргэд, хүүхэд багачууд, хүн бүхэн үзэх боломжийг бүрдүүлж байгаад
туйлын их баяртай байна” хэмээв.
Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхсийг сонирхож одон орны судалгааг
хийж, Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд "Одон орны төв"
, Хувилай хааны зарлигаар 1271 онд Юан гүрэнд "Одон орны удирдах
төв", Доголон Төмөр хааны ач Үлэгбэк, 1417-1420 онд Самаркандад Одон
орны хүрээлэн, улмаар 1428 онд Одон орны оргилыг байгуулж байсан.
Орчлон ертөнц, од эрхсийг танин мэдэхүйн уламжлалт туршлагадаа
тулгуурлаж ХХ зууны эхэн үед 1921 онд Монгол улсад "Судар
бичгийн хүрээлэн үүсгэн улмаар "Одон орны оргил"-ыг 1957 онд
байгуулсан юм.
Тэрхүү цаг үетэй тохиож Монголын иргэн, Ж.Гүррагчаа, Зөвлөлтийн иргэн
В.А.Джанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт нисч үлгэр домгийн гэгдэх зөгнөлт
явдлыг үнэн амьдралд хэрэгжүүлсэн юм.
Манай эрдэмтэн мэргэд, одон орон судлаачид шинжлэх ухааны нэгэн гол салбарын
хөгжлийн нийт иргэд , ялангуяа өсвөр залуу үед танин мэдүүлэх, орчлон ертөнц од
гаригийн талаар тогтолцоотой мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор "Сансар
судлал,од эрхсийн ордон"-ийг цогцлоон байгуулж нээлт хийсэн нь манай ШУ-ны
түүхийн тэмдэглэлт өдрүүдийн нэг болж байна.
Планетари
Планетари -Тэнгэрийн мандлыг одтой нь, гаригуудыг дагуултай
нь, сүүлт од, солирыг, мананцрыг, галактикийг, мөн нар, сарны хиртэлтийг
харуулдаг төхөөрөмжийг хэлдэг байна. Хүн төрөлхтөн анхны
планетарыг 1925 онд Герман улсын Мюнхен хотод байгуулж байсан бөгөөд өнөөдөр
дэлхий дээр 4000 oрчим планетари ажиллаж байна.
Сансар од эрхсийн ордон
Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэрийг
2009 онд гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан тус
ордонд Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” тусгай багаж,
тоног төхөөрөмжийг бэлэглэсэн байна.
Үүсгэн байгуулагч:
ШУА- ын Одон орон геофизикийн төв, Монгол Улс, ЗХУ -ын баатар
сансрын нисэгч Ж.Гүррагчаа
Зорилго: Сансар од эрхсийн ордон нь сансар судлал одон орны шинжлэх ухааныг
нийт иргэд, ялангуяа хүүхэд залуучуудад таниулан мэдүүлэх, орчлон ертөнц , од
гаригийн талаар мэдлэгтэй болгох шинжлэх ухаанч хүмүүжлээр хүмүүжүүлэх,
шинжлэх ухааныг нийгэмд сурталчлах чухал ач холбогдолтой.
Бүтэц
1. Сансар танхим :
Нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн
тухай түүх өгүүлэх үзүүлэн.
Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн,
сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч
аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх
мэт үзүүлэн
2. Нар сар кино танхим
Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад
чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино
үзүүлэх танхим
3. Од эрхэс танхим:
"Минолта MS-8" цацруулагч багажны
тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд , бага
гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас
бөмбөрцгөн дэлгэц дээр харуулна
Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн диаметр -9,5 метр. Дэлхийн стандартын
дагуу дунд ангилалд багтана.
Багтаамж: 60-70 хүн
Байрлал: Одон орон геофизикийн судалгааны төв. Баянзүрх дүүрэг :5-р
хороо , ШУА-ын 7-р байр . Жуковын музейгээс хойш маахуур толгойн өвөр тал.