Нобелийн шагналт,
физикч Константин Сергеевич Новоселовт ШУА-ийн дээд шагнал "ХУБИЛАЙ
ХААН" медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Профессор К.С. Новоселов хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр 380 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Нобелийн хорооны хэвлэлийн бага хурал дээр эдгээр эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг “...Нүүрстөрөгчийн атомын дан үеэс тогтох графен нь жинхэнэ хоёр – хэмжээст материал, физикийн шинэ үзэгдлийг харуулсан, маш нимгэн, бат бөх, хөнгөн, тунгалаг бөгөөд дамжуулагч шинж чанартай тул нимгэн дэлгэц, нарны зай, уян чанар бүхий электроник, композит материал, дан молекулын хийн мэдрэгчид, ДНХ -ийн дарааллыг тогтоох зэрэг маш өргөн хэрэглээтэй юм” гэж цохон тэмдэглэжээ. Ийнхүү XXI зууны технологийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, аж үйлдвэрийн V хувьсгалын үндсэн “түүхий эд” болох цоо шинэ материалыг нээсэн гавьяаг үнэлж, профессор К.С. Новоселовыг Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох “ХУБИЛАЙ ХААН” одонгоор шагнаж байгаа юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр ШУА-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Монгол Улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох
жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Азийн Физикийн 23 дахь олимпиадын үйл ажиллагаанд оролцож
байгаа алдарт эрдэмтэн, Нобелийн шагналт, физикч Константин Сергеевич Новоселов танд талархал
илэрхийлье. Гайхамшигт бүтээл
туурвиж Нобелийн шагнал хүртсэн нэрт эрдэмтэн К.С. Новоселов XXI зууны дэлхийн
шинжлэх ухаан, түүний дотор хатуу биеийн физикийн салбарын хөгжилд оруулсан жинтэй
хувь нэмрийг өндрөөр үнэлж, МУШУА өөрийн хамгийн дээд шагнал Хубилай хаан
медалиар шагнаж байгаадаа бид сэтгэл нэн хангалуун байна” гэсэн юм. Улмаар ёслол
хүндэтгэлийн үйл ажиллагааг тохиолдуулан энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг
нэрлэж байгаа их хаан Хубилайн амьдрал, үйл ажиллагааны талаар, түүний шинжлэх
ухаанд оруулсан хувь нэмрийг онцолсон юм. Ингэхдээ “Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү Хубилай Монголын
Их Юань гүрнийг үндэслэн байгуулсан ба 1260-1294 онуудад 34 жил төр барьсан
байна. Их хаан Хубилай нь 1261 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулж, Чингис хаан тэргүүтэй хаадын
үнэн тэмдэглэлийг бичүүлж эхэлсэн байна. Энэхүү 1261 оны намрын эхэн
сард байгуулсан Бичгийн утгач-Улсын түүхийн хүрээлэн (翰林國史院, The Hanlin Academy and National
History Academy)-г орчин үеийн Шинжлэх ухааны академиудтай төстэй,
тэдгээрийн үндэс суурь болсон эрдмийн байгууллага гэж судлаачид тодорхойлдог бөгөөд өнөө үед нэрийг нь “Судар бичгийн хүрээлэн” гэж буулгасан байна. Хүрээлэн эзэн хаадын зарлиг тушаал,
төрийн баримт бичгийг төлөвлөх, эзэн хаанд зөвлөх, улсын түүх зохиох, ялангуяа
монгол хаадын он дараалсан түүхийн эх хэрэглэгдэхүүнийг бэлтгэх ажлыг хариуцаж
байжээ. Их хаан Улсын багш Пагва
ламаар Монголын шинэ үсэг буюу
дөрвөлжин бичгийг зохиолгож, 1269 оноос улс даяар хэрэглэсэн нь манай бичиг соёлын түүхэн дэх томоохон үйл
явдлын нэг болсон” хэмээн тодотгов.
“Хубилайн шагнал”-ыг
хүртсэн Нобелийн шагналт, физикч К.С.Новоселов “Та бүхнээс маш их
хүндэтгэлийг хүлээж авч байгаадаа сэтгэл их догдолж байна. Үүнээс гадна Монгол улсад
анх удаа хүрэлцэн ирсэн нь төсөөлж байснаас илүү сайхан байна. Нэг өдрийн хугацаанд зочлохдоо монгол улсын
талаар маш их мэдээлэл авлаа. Монгол бол авьяас билгийн орон юм байна. Маш их
эрдэс баялгаар баян орон юм байна. Дэлхийн дэвшилтэд технологийг монгол улсад нутагшуулах
бүрэн боломж бүрдсэн байна гэж харж байна. Түүний нэг жишээ нь өнөөдөр зохиогдож буй Азийн физикийн олимпиадад
оролцож байгаа авьяастнууд. Тэдэнтэй уулзах үеэр хүүхдүүдийн тавьсан асуулт миний судалгааны ажлыг улам өдөөж өгсөн. Монгол улс маш их авьяастантай
гэдэг нь тодорхой байна. Өнөөдөр би хэд хэдэн лабораторид очиж үзлээ. Монгол улсад хийгдэж буй хамгийн
сүүлийн үеийн эрдэм шинжилгээний ажлууд миний сонирхлыг их татлаа. Сүүлийн
үеийн судалгаанууд явагдаж байна.
Миний бие өнөөдөр
ШУА-ийн хамт олноосоо хамгийн өндөр шагналыг хүлээж аваад үнэхээр “Би энэ
шагналыг авах хүн мөн үү” гэж өөрөөсөө асууж л байна. Та бүхний энэ их хүндэтгэлийн хариуд би хамтын ажиллагаагаа хурдан эхлүүлэх ёстой гэж бодож байна. Монгол улсаас Сингапурын
сургуульд докторын оюутнуудыг авч
ажиллуулахдаа баяртай байх болно. Оюутан солилцоогоор болон лабораториор хамтын
ажиллагаагаа үзүүлж чадна гэж итгэж байна. Өөрийнхөө лаборатори дээр монголоос
оюутнууд ажиллуулж, миний лабораторийн
оюутнууд монголд ирж судалгаа хийх байх гэдэгт итгэж байна” гэлээ.
Профессор К.С.Новоселов нь Сингапурын Үндэсний Их Сургуулийн “Дэвшилтэт 2D материалын төв” болон Английн Манчестерийн Их Сургуулийн Физик, Одон орон судлалын сургуульд ажилладаг. Тэрээр ЗХУ-ын Уралын Нижный Тагил хотод 1974 онд төржээ. Улмаар 1997 онд Москвагийн Физик Технологийн Институтийн Физик, квант электроникийн факультетад магистр, 2004 онд Нидерланд улсын Нижмегений Радбоудын Их Сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. К.С.Новоселов магистрын судалгааны ажлаа Москва мужийн Черноголовка хотын Өндөр цэвэршилттэй материал ба микроэлектроникийн технологийн асуудлын хүрээлэнд профессор Юрий Владимирович Дубровскийн удирдлаганд “Гетеро бүтэц бүхий GaAs/AlGaAs дахь электроны Г-Х туннелинг” сэдвээр хамгаалсан. Магистрын ажлаараа ферросоронзон материалын домайн хананы хөдөлгөөн ба мезоскопик электроны шилжилтийг судалсан байна. Түүнчлэн микро хэмжээнээс бага аливаа обьектын соронзжилтыг ажлын температур болон түүнээс бага температурт судалдаг “Ballistic Hall magnetometery” төхөөрөмжийг ашиглан хэт дамжуулагч болон ферро соронзон материалын соронзон шинж чанарыг судалжээ.
1999 онд докторын судалгааны ажлаа профессор Ян Кийс Ман (Jan Kees Maan) and А.К. Гэйм (A. K.Geim) нарын удирдлагаар Нидерландын Нижмегений Радбоудын Их Сургуулийн “Хүчтэй соронзон орны лаборатори”-д гүйцэтгэжээ. 2001 оноос Английн Манчестерийн Их Сургуулийн Хатуу биеийн физик, материал судлалын профессор, орос гаралтай багш, профессор Андре Геймийн лабораторид ажилласан. Профессор Андре Гэйм болон К.С.Новоселов нар 2004 оны 10-р сард “Science” сэтгүүлд (www.sciencemag.org SCIENCE VOL 306 22 Oct 2004) хэвлүүлсэн ажилдаа графитын монокристалл нимгэн үе нь цөөн атомын зузаантай хэдий ч өрөөний температур, даралтад тогтвортой, металл шинжийг үзүүлдэг зэргээр өвөрмөц чанартай болохыг харуулжээ. Энэхүү нүүрстөрөгчийн нимгэн үе нь валентын болон дамжууллын бүсийн давхцал маш бага, хоёр хэмжээст хагас-металл болохыг тогтоосон. Энэ нимгэн үеийг цахилгаан оронд оруулахад хүчтэй амби-туйлт чанарыг үзүүлснээр оролтын хүчдэлийн нөлөөгөөр 1 см2 -д электрон ба нүхний концентраци нь 1013, өрөөний температурт электрон ба нүхний хөдлөх чадвар нь ойролцоогоор 10 000 см2/в*сек хүрч болохыг харуулсан юм. Энэ ажил нь 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагнал авах гол үндэслэл болжээ.