Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Тунгаамал загвар”-ыг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн хамтран ажиллана
“Тунгаамал загвар”-ыг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн хамтран ажиллана

ШУА, “Болорсофт” компанитай хамтын ажиллагааны санаж бичиг байгуулж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал нар өнөөдөр /2022.05.05/ үзэглэлээ.  

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд “Тунгаамал загвар”-ыг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн хамтран ажиллах юм. Энэ нь Монгол хэлний тухай хуульд заасанчлан 2025 оноос хос бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх гол суурь болно гэж үзэж байна.  

Энэ үеэр “Болорсофт” компаниас кирилл, монгол бичиг хооронд автоматаар чөлөөтэй хөрвүүлдэг Кимо программын нээлтийг  хийлээ.   

Энэхүү программ нь хэл шинжлэл, хиймэл оюун ухаанд суурилсан монголын анхны кириллээс монгол бичиг, монгол бичгээс кирилл бичиг рүү хөрвүүлэгч юм.

Энэхүү хөрвүүлэгчийг хөгжүүлэхэд зургаан сар, хиймэл оюуныг хөгжүүлэхэд 10 гаруй жил зарцуулсан гэдгийг Болорсофт компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал тодотгов.  Тэрээр хэлэхдээ, “2008 оноос хойш олон суурь технологийг хөгжүүлсээр ирсэн. Эдгээр судалгаа, технологийн үр шим болж энэхүү бүтээгдэхүүн төрж байна. Бид хүнийг орлох хэмжээнд хүрч чадахгүй ч гэсэн хүний ажлыг 50 хувь хийж чадах чадвартай бүтээгдэхүүнийг хийхийг зорьж буй юм. Энэхүү программ 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх зорилтын гол үндэс суурь нь болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

Тус үйл ажиллагаанд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл оролцож  хэлсэн үгэндээ хувийн компани санаачилга гарган өөрийн нөөцөө ашиглан ийм сайн бүтээл бүтээснийг цохон тэмдэглэж, сайшаан талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Тэрээр, “Монгол хэлний тухай хуулийн заалт ёсоор монголчууд 2025 оноос төрийн албан бичгийг хоёр бичгээр хөтлөн явуулах үүрэг хүлээж байгаа. Хоёр бичгээр хэрхэн хөтлөн явуулах вэ гэдэг техник болон бодлогын шийдэл амаргүй. Хоёр бичгээр хөтлөн явуулахад Кимо хөрвүүлэг хамгийн гол шийдлийн нэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Дашрамд дурдахад, тус компани хагас сая үгийн сантай “Болор толь”, анхны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үсгийн дүрмийн алдаа шалгуур “Болорспелл”, анхны машин сургалтад суурилсан бүрэн автомат мониторингийн систем “Кудос”, мэдээ ангилагч “Эдүгэ”-г хөгжүүлж, монгол яриаг бичвэрт, бичвэрийг ярианд хөрвүүлэгч “Чимэгэ” стартапын суурийг тавьсан юм.

 

 


Бусад мэдээлэл