Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Япон сангаас ШУА-ийн эрдэмтэн, судлаач нарт ном хандивлав
Япон сангаас  ШУА-ийн эрдэмтэн, судлаач нарт ном хандивлав


Япон сангийн дэмжлэгээр Японы Шинжлэх ухааны нийгэмлэгийн “READ JAPAN PROJECT” төслөөс илгээсэн Япон орны тухай ойлголтыг дээшлүүлэх зорилго бүхий номуудыг Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд хандивлалаа. Ном хандивлах ёслол өнөөдөр /2021.09.02/ ШУА-ийн Төв байранд боллоо.

Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши оролцож, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлд номын дээжээс гардууллаа.

 Энэ удаад Япон Улсын эдийн засаг, нийгэм, түүх, соёл, утга зохиол зэрэг олон салбарын 30 гаруй номыг ШУА-ийн судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан хандивлаж байгаа юм. Элчин сайд Х.Кобаяши “Энэ удаагийн Шинжлэх ухааны академид хандивлаж буй  номонд эдийн засаг, түүх, утга зохиол, соёл зэрэг олон салбарын ном багтсан. Бид интернэт хөгжсөн орчин цагийн нийгэмд цахим сүлжээнээс зөвхөн шаардлагатай мэдээллээ богино хугацаанд цуглуулах нь түгээмэл болсон. Гэвч, илүү тунгаан бодож, шинэ нээлт хийн, бүтээл туурвихад сэжүүр өгөх нууцлаг хүч номонд агууллагддаг гэж би боддог. Монголын судалгаа, шинжилгээний гол төв болсон Шинжлэх ухааны академийн хувьд эдгээр ном товхимол нь зөвхөн Япон судлаачдаар зогсохгүй бусад салбарын хүмүүсийн судалгааны ажлаа гүнзгийрүүлэхэд чухал нэг алхам болоосой хэмээн хүсэж байна”  хэмээн онцлов.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл академийн эрдэмтэд, судлаачид өнөөг хүртэл олон салбарт Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн, энэ хамтын ажиллагааг үргэлж дэмжиж тусалж байдагт Элчин сайдад талархал илэрхийлэв. Улмаар “Англи хэл дээр хэвлэгдсэн, олон салбарыг хамарсан эдгээр ном нь япон судлаачдаар зогсохгүй Япон улсын талаар мэдэх судлахыг эрмэлзэж буй оюутан магистрантуудад, өргөн олон нийтэд ч үр өгөөжтэй байх болно” гэлээ.  

Мөн уулзалтын үеэр ирэх 2022 онд тохиох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдох ШУА, Элчин сайдын яамны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Ёслолын ажиллагаанд Япон Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ё.Ито, ажилтан Б.Цогтчимэг, ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржав нар оролцов. 


Бусад мэдээлэл