Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авидтай ярилцлаа.
-Сүүлийн үед Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар их ярих боллоо. Энэ ямар учиртай юм бэ?
-2011 оноос хойш Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж эхэлсэн. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл аж үйлдвэрийн гурван хувьсгал үзсэн. Эхний хоёр хувьсгалаар эрчим хүч гарган авч, хүнд хүчир ажлыг техник ашиглан хийдэг болсон.
Гурав дахь хувьсгалын үр дүнд хүн төрөлхтөн компьютерыг бүтээсэн. Ингэснээр байнга давтан хийдэг, нэгэн хэвийн ажил тухайлбал, бүртгэл, тооцооны хүснэгтийг нэг удаа л хийхээр болж хялбаршуулсан. Одоо дөрөв дэх хувьсгал эхэлж байна. Энэ хувьсгалаар мэдлэг шингэсэн ажлыг хиймэл оюун ухаант роботоор гүйцэтгүүлдэг болох юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны их чуулганыг өнөөдөр (өчигдөр) зохион байгууллаа. Энэ үеэр манай улсын бүх салбарын төлөөлөл, эрдэмтэд чуулж, Аж үйлвэрийн дөрөв дэх хувьсгал эхлүүлэх зөвлөмж гаргахаар болсон.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг энгийн үгээр тайлбарлавал хүний бүх хэрэглээг интернэтэд холбох юм. Үүний тулд хиймэл оюун ухаан бий болгоно. Тодруулбал, чамайг өглөө босоход л кофены машин өөрөө ажиллаж, ажилдаа явахаар гарахад машин чинь асаалттай хүлээж байна.
Бүх зүйл ухаалаг болно. Хиймэл оюун ухаантай робот бидний өдөр тутмын энгийн үйлдлийг гүйцэтгэж эхлэх юм. Мэдлэг шингэсэн үйлдлүүдийг робот гүйцэтгэж эхэлснээр ямар ч ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Үүнд мэдээж одоогийн өндөр хөгжилтэй орнууд гол тоглогч байна. Бидний хувьд энэ хувьсгалаас хоцрох уу, эсвэл тэдэнтэй зэрэгцэж алхах хэрэгтэй юү гэдгийг яаралтай шийдэх цаг болсон. Яагаад гэвэл дөрөв дэх хувьсгал маш богино хугацаанд өрнөх магадлалтай.
Учир нь эхний хоёр хувьсгал 100-120 жил үргэлжилсэн бол гурав дахь нь 10 жил л болсон.
-Чуулганд оролцсон төлөөлөгчид энэ хувьсгалын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Одоогоор хэн ч энэ хувьсгалын талаар төсөөлөх боломжгүй. Зөвхөн таамаглал төдий. Эрүүл мэндийн салбарын зарим хүн “Эмчийг робот орлож болно” гэж байхад нөгөө хэсэг нь “Робот эмчийг бүрэн орлож чадахгүй.
Хэрэв робот алдаа гаргавал хэн хариуцлага хүлээх вэ. Робот хүнд тариа хийлээ гэж бодоход, хэмжээг нь ихдүүлдэг ч юм уу, эсвэл буруу тариа хийчихвэл яах вэ” гэж байна. Гэх мэт асуудал олон бий.
-Зөвхөн мэдлэгээс гадна мэдрэмж шаарддаг ажил олон. Түүнийг робот гүйцэтгэж чадахгүй биз дээ?
-Роботод ажлыг нь зааж өгдөг машин судлал гээд шинэ төрлийн мэргэжил бий болж байна. Хиймэл оюун ухаант робот нь маш их өгөгдөлд үндэслэн ажиллаж, шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тэр их өгөгдлийг системтэйгээр суулгаж, ажиллах чадвартай болгоно. Хүн төрөлхтний одоо хийж буй ажлыг энгийн, дунд, дээд шатны гэж хуваана.
Ингэхээр дээд түвшний ажил хийдэг хүмүүс роботтой ажлаа хуваахгүй. Дунд болон энгийн шатны ажлыг робот гүйцэтгэх юм. Тэгэхээр чадварлаг, санаачилгатай хүмүүс л цаашид ажилтай үлдэх тул залуус өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Мөн ажиллах хэв маягт өөрчлөлт орно гэж үзэж байгаа.
Тухайлбал, хүмүүс одоогийнх шиг нэг байгууллагад ажиллаад, өглөө 08.00 цагт ирээд, орой тарах ёстой гэдэг ойлголт үгүй болно. Дээд шатны ажил эрхэлдэг хүмүүс хэчнээн ч газар ажиллах боломжтой. Бүх ажил интернэтээр дамжих тул гэрээсээ гарахгүй байж ч болно.
Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд ч энэ хувьслын нэг хэсэг явж байна. Интернэтээр аль чиглэлийн ямар автобус хаана явж байгаа, зогсоол дээр хэдэн минутын дараа ирэхийг бид мэдэж чаддаг болсон. Ингэснээр аль чиглэлийн автобусанд олон хүн сууж байна, хэдэн цагт хүмүүс нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлж байгаа зэрэг судалгааг авах боломж бүрдсэн.
Гэхдээ түүнийг бид боловруулж, ашиглаж чадахгүй. Тэр их мэдээллийг хүн боловсруулах хэцүү. Энэ хувьсгалын дараа бүх зүйл ийм их өгөгдөлтэй болж түүнийг хиймэл оюун ухаантай робот боловруулах юм.
Саяхныг болтол бид автобусны кондуктор гэдэг ажлын байр байхгүй болно гэж бодоогүй. Гэтэл энэ ажлын байр маш хурдан алга боллоо. Түүнтэй адил олон мэргэжил, ажлын байр үгүй болно. Зах зээлээс, нийгмээс шахагдахгүйн тулд боловсролдоо анхаарах шаардлагатай. Мэргэжил эзэмшээд, диплом өвөртлөх биш, маш их мэдлэгтэй болох хэрэгтэй.
Одоо бидний хэлж буйгаар тоон технологийн ертөнцөд амьдрахын тул үүнд л бэлдэх, зохицох хэрэгтэй. Зарим ажлын байр үгүй болохын зэрэгцээ шинэ төрлийн мэргэжил бас үүсэх юм. Жишээлбэл, роботуудын менежер гэдэг шинэ ажлын байр бий болно гэж байгаа. Иймд төр, засгаас үүнд анхаарч, бодлого боловсруулж эхлэхгүй бол дэлхийн хэмжээнд өрнөж буй хувьсгалаас бид хоцрох нь.
-Төрийн байгууллагууд ч үүнийг анхаарч байгаа юм биш үү. Учир нь хурууныхаа хээг уншуулаад төрийн үйлчилгээ авдаг болсон. Саяхнаас банкнаас зээл авч чаддаг боллоо.
Тэгэхээр хувь хүний бүх өгөгдөл нэг дор төвлөрсөн гэсэн үг биз дээ. Өмнө нь бүртгэлтэй холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн газарт, даатгалтай холбоотой бол тэр газарт нь л ханддаг байсан. Энэ хувьсгалын нэг хэсэг мөн үү?
-Яг мөн. Бид иргэний үнэмлэхээ бариад нотариатаар минийх мөн гэдгээ батлуулдаг, ажилд орох гэж анкет бөглөж, өөрийнхөө бүхий л мэдээллийг гараараа бичиж өгдөг. Энэ бүхнийг хална гэж ярьж байгаа. Нэг хүний мэдээллийг салбар бүрээр хувааж хадгалдаг байсан бол одоо нэгтгээд, нэг өгөгдөл болгох юм.
Ингэвэл аль ч үйлчилгээнд ашиглахад хүндрэл учрахгүй. Ер нь бол аливаа үйлчилгээ их өөрчлөгдөнө. Тухайлбал, чи ямар ч бичиг баримтгүй явж байхдаа хурууны хээгээ уншуулаад, хэрэгцээт мэдээллээ авна. Бараа бүтээгдэхүүн худалдан авч болно.
Эрүүл мэндийн үйлчилгээ авлаа гэж бодоход чиний хэзээ өвдсөн, ямар эм тан хэрэглэсэн зэрэг бүх мэдээллийг харж, түүнд үндэслэн ямар эмчилгээ хийхээ эмч шийднэ гэсэн үг.
Их өгөгдлийг бүрдүүлэхийн тулд бүх зүйл интернэтэд холбогдоно гэж түрүүн хэлсэн. Өмсөж яваа цамц хүртэл миний тухай мэдээллийг дамжуулж байх юм. Авид одоо хаана явж байна, цусны даралт, зүрхний цохилт нь хэвийн байна уу, халуурч буй, эсэх гээд төрөл бүрийн үзүүлэлтийг илгээнэ.
Хэрэв цусны даралт өндөр байвал миний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг компьютероор хянаж байдаг робот над руу мэдэгдэж, эмчилгээ хийлгэхийг анхааруулдаг. Эсвэл түргэн тусламжийн роботуудыг миний байгаа газар руу явуулж, яаралтай арга хэмжээ авах жишээтэй.
Энэ үйлчилгээнүүдийн жишээ бол эрдэмтэд судлаад ийм болно гэж тооцож буй нь. Түүнээс өөр хэний ч төсөөлөөгүй шинэ төрлийн үйлчилгээнүүд бий болох нь ойлгомжтой.
-Таны ярьсан үйлчилгээнүүдийн талаар өөр дээрээ тусгаад бодоход сайхан л санагдаж байна. Гэхдээ ажлын байр үгүй болно гэхээр ажилгүй хүмүүс улам олширно. Ажилгүйдлийг дагаад олон сөрөг үр дагавар гарна биз дээ.
-Бид нэг мэргэжлийг аль болох гүнзгий судалж, энэ ажлыг л маш сайн хийдэг болох хэрэгтэй гэж байсан бол одоо өргөн хүрээний мэдлэгтэй хүн шаардлагатай болж эхэллээ. Санаачилгатай байх шаардлагатай. Санаачилга гэдэг чинь хүнээс тийм амархан гараад байдаг зүйл биш.
Удаан бодож, их зүйл уншиж, судалж, туршиж байж шинэ санаа төрдөг. Тийм хүмүүст амьдрах улам амар болно. Харин тийм биш хүмүүст бол эсрэгээрээ. Манай залуучууд шөнийн цагаар интернэтээр АНУ-ын компаниудад ажиллаж буй жишээ байна.
Тэгэхээр чи хэзээ ч хамаагүй интернэтэд холбогдоод аль ч улсын ямар ч байгууллагад ажиллаж болно гэсэн үг. Тэгэхээр боломж улам нэмэгдэж байж ч магадгүй.
-Саяхан крипто валют манайхны дунд их моодонд орсон. Бид өмнө нь цаасан мөнгөөр худалдаа хийдэг байснаа одоо картаа ашигладаг болсон. Түүний дараагаас цахим мөнгө гэж гарч ирсэн. Энэ хувьсгалын нэг хэсэг биз дээ.
-Аж үйлдвэрийн хувьсгал гэдэгт хэдэн үндсэн ойлголт байгаа юм. Их өгөгдөл, юмсын интернэт, хиймэл оюун ухаан, блокчэйн гэх ойлголт байна. Блокчэйн технологид суурилсан төрөл бүрийн үйлчилгээ бий болсны нэг нь крипто валют. Цаашид бидний мөнгө ийм хэлбэрт орно.
Тэр нь хаана байгаа нь тодорхойгүй ч маш найдвартай гэж байгаа. Тэгэхээр крипто валют гэдэг нь дөрөв дэх хувьсгалын нэг элемент гарцаагүй мөн. Блокчэйн технологи одоогийн ойлголтуудыг маш их өөрчилж буй. Блокчэйн технологийн телевизийн суваг удахгүй нээлтээ хийх гэж байна.
- Манай эрдэмтэд 3D принтер бүтээж байгаа гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач.
-3D принтерийн эх загварыг манай Физик технологийн хүрээлэнд бүтээж байна. Үүгээр аливаа нэг биетийг гурван хэмжээст дүрсээр хэвлээд гаргана. Хүн нуруугаа хугаллаа гэхэд одоо бол төмөр тавьж хаддаг шүү дээ. Тэгвэл 3D принтерээр тухайн хүний нурууны ясыг хэвлэж гаргаад хугарсан ясных нь оронд суулгачих юм.
Одоо 3D-гээс илүү 4D технологийн талаар ярих хэрэгтэй. Тэр технологиор хэвлэсэн аливаа зүйл орчноосоо шалтгаалаад хэлбэрээ өөрчилдөг, агшиж сунах чадвартай. Энэ технологи сайн хөгжвөл хүний зүрхийг ч хэвлэж магадгүй. Яг зүрх шиг агшиж сунадаг учраас.
-Саяхан Үндэсний дата төвөөс төрийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн ХУР систем ашиглалтад оруулсан. Үүнийг Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нэг хэлбэр гэж ойлгож болох уу?
-Юм болгоныг интернэтэд холбож, мэдээлэл цуглуулахаар маш их мэдээлэл хадгалах шаардлагатай болно. Хэдэн мянган террагаар хэмжигдэх тэр мэдээллийг хамгаалах хэрэгтэй болно шүү дээ.
Бидний одоо ашиглаж буй фэйсбүүк, Gmail зэрэгт бүртгэлтэй, түүгээр дамжиж байгаа мэдээлэл нэг газар хадгалагдаж л байгаа. Түүнтэй ижил иргэдийнхээ мэдээллийг нэг газар хадгалж, найдвартай хамгаалах ажлыг л Үндэсний дата төвийнхөн хийж буй юм.
-Бүх мэдээлэл нэг дор хадгалагдах нь нэг талаасаа амар хэдий ч аюулгүй байдал зайлшгүй яригдана. Энэ их мэдээллээ гуравдагч этгээдэд алдахгүй байхын тулд яах хэрэгтэй юм бэ?
-Мэдээж энэ маш чухал асуудал. Тэр их өгөгдөл рүү нэг гэмт этгээд халдахад л бүх мэдээллээ алдах эрсдэлтэй. Алддаггүй юм аа гэхэд хэдэн мянган терра мэдээлэл хадгалж байгаа компьютер эвдэрвэл яах вэ. Тэгэхээр цахим орчны аюулгүй байдал гэдгийг улам л анхаарах шаардлагатай болно.
Тэр чиглэлийн мэргэжилтнүүд илүү чадвартай болох хэрэгтэй. Одоо манай ШУТИС-ийнхан БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран кибер аюулгүй байдлын системд ажиллах боловсон хүчнийг бэлдээд эхэлчихлээ. Энэ бол маш зөв алхам. Энэ хувьсгал нийгмийн бүх салбарт орж ирнэ. Тэгэхээр салбар бүрт тохирсон мэргэжилтэн бэлдэхэд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Тухайлбал яах хэрэгтэй юм бэ?
-Интернэтийн хэрэглээ нэмэгдэхээр эрчим хүчний зарцуулалт өснө. Одоо бусад улсад ашиглаж байгаа мэдрэгчүүд өндөр үнэтэй байна. Манай улс зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Цахилгааны бүх утсанд зэс ордог. 10 тэрбум ухаалаг төхөөрөмж хийхэд шаардлагатай зэсийн ядаж аравны нэгийг нь манайх нийлүүлж болдоггүй юм уу.
Үүнд одооноос бэлдэж машин техник, хүний нөөцөө чадавхжуулах зэрэг төрийн бодлогоор шийдвэрлэх ажил олон байна. Мэдрэгч үйлдвэрлэл одоо л эхэлж буй. Иймд хол хаягдахаасаа өмнө залуус маань энэ салбар руу орвол өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд очих боломж бий.
-Тантай энэ талаар ярьсан чинь айдас төрөх шиг болчихлоо. Холливудийн кинонд гардаг шиг хүн төрөлхтөн хиймэл оюун ухаант роботууддаа шахагдаж, тэднийхээ боол нь болдог.
Учир нь роботууд биднээс илүү мэдлэгтэй, мэдээлэлтэй, хэзээ ч хүн шиг ядрахгүй, мартахгүй, сэтгэл хөдлөл байхгүй, хөгшрөхгүй, өвдөхгүй. Бид тэдэн шиг төгс гүйцэтгэлтэй байж чадахгүй шүү дээ.
Хэн нэгэн хүн үхлээ гэж бодоход тэр хүний мэдлэг, чадвар тухайн хүнтэйгээ үгүй болно. Харин роботынх тэгэхгүй.
-Ирээдүйд компьютерууд хоорондоо мэдээлэл солилцоно гэж байгаа. Чиний ярьж байгаа шиг зүйл болохгүй гэж хэлж чадахгүй, гэхдээ болно гэдэг нь баталгаатай биш. Ийм байдал үүсгэхгүйн тулд судалгаа шинжилгээ хийх, төрийн зөв бодлогоор зохицуулах хэрэгтэй юм.
Нүдний шил ухаалаг болно гэж байгаа. Ухаалаг нүдний шилтэй хүн хажуугаараа өнгөрөх нэгнийг хараад хаанахын хэн, юу хийдэг, хэдэн настай зэрэг бүх мэдээллийг нь авч чадна. Бас дрон байна. Намайг өрөөндөө юу хийж байгааг дрон нисгээд л харчих боломж бүрдчихсэн. Тэгэхээр хувийн нууц гэдэг ойлголт ч өөрчлөгдөх нь. Иймээс хууль журмаа ч энэ бүхэнд тохируулан өөрчлөхгүй бол болохгүй.
Хуулиар л үүнийг зохицуулах боломжтой. Тэгэхгүй бол технологийн хөгжилд хязгаар үгүй. Биднийг одоо маш том сорил хүлээж байна. Гэхдээ зөв бодлогоор ажиллаж чадвал бид одоогийн байр сууринаасаа дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болох боломж бий. Бусад улс орон бүгд энэ хувьсгалд бэлдээд эхэлчихсэн.
Хөтөлбөрөө гаргаад ажиллаж байна. Тухайлбал, Герман улс жилд 40 тэрбум долларыг интернэт хөгжүүлэхдээ зориулж байна. Тэгэхээр бид дэлхий нийтийг хамарч байгаа хувьсгалаас айж суух биш, нэн яаралтай ханцуй шамлан орох хэрэгтэй.