Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хууль сахиулахын их сургуулийг захирал, профессор, хурандаа С.Баатаржав нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т өнөөдөр /2017.10.11/ гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны зорилго нь эрдэмтэн, судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхэжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа, сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, судлаачдыг чадавхжуулах, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд оршиж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шинжлэх ухаан, технологийн болон Боловсролын салбарын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгох ба үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх, үр дүнгээ хамтран хэлэлцэж дүгнэх, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах тухай ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ХСИС-ийн захирал, профессор С.Баатаржав нар хамтын ажиллагаанд үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ийнхүү хоёр тал хамтран ажилласнаар тодорхой асуудлыг шийдвэрлэх, ШУА-ийн харьяа хүрээлэн, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн болон бүрэлдэхүүн сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах юм.