Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар энэ сарын 20-ны өдрийн 12.00 цагт Хангарьд ордонд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь 2014-2016 онуудад шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад оршиж байгаа юм.
Хоёр тал хот төлөвлөлт, байгаль орчин ногоон хөгжил, эрүүл мэнд, дэд бүтэц, мэдээлэл технологи, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн баазыг олон нийтийн хэрэгцээнд ажиллах боломж бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, дэмжиж ажиллах, шинжлэх ухаан, технологийн болон хөгжлийн төсөл захиалах, судалгаа болон туршилтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. Мөн нийслэлийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд эрдэмтэн судлаачдын багийг татан оролцуулах, хот төлөвлөлт, судалгааны хүрээлэнг сэргээн байгуулж, ШУА-ийн харьяанд ажиллуулах саналыг Монгол улсын Засгийн газарт хамтран уламжлахаар ажиллаж байна.
Харин ШУА-ийн зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, туршилт хийж идэвхтэй хамтран ажиллах, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд турших, нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллахад бэлэн байгаа юм.