Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя!” сэдэвт зурагт хуудасны уралдааны дүн гарлаа.
Уралдааны тэргүүн байранд Хөгжим бүжгийн коллежийн сурагч
Э.Энхнаран, II байранд 119-р сургуулийн 11а ангийн сурагч Ц.Зултуяа, III байранд Амгалан сургуулийн 6б ангийн сурагч С.Дөлгөөнмөрөнгуа
нар тус тус шалгарав.
Харин БОНХАЖЯ-ны нэрэмжит шагналаар 44 дүгээр сургуулийн сурагч С.Мишээл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэрэмжит шагналаар Баян-Өлгий аймгийн Улаан хус сум Ойгор дунд сургуулийн сурагч Н.Нурмухамед, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нэрэмжит шагналаар Плехановын сургуулийн 8б ангийн сурагч Н.Намуундэлгэр нар шалгарсан байна.
Уралдааны тэргүүн байранд шалгарсан Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Энхнарангийн бүтээл НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газрын вэб сайтад тавигдаж төсөл хэрэгжиж буй бусад улсууд болох Камбоджи, Лаус, Филлипин, Вьетнам улсуудын уралдаанаас шалгарсан бүтээлүүдтэй өрсөлдөх бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхдийг Австри улсын Вена хотод “Шилдэг зурагт хуудас” өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнах юм.
Тус уралдааны зорилго нь хог хаягдлыг бууруулах, эх үүсвэр дээр ангилан ялгах, дахин боловсруулахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчин бий болгоход хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийн үзэл, бодол, авъяас чадвараа чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа аж.